Tuesday, December 23, 2014

Уналт, сэргэлт үргэлжилсээр...

Өнгөрсөн сар хүрэхгүй хугацаанд сэтгэл санааны талбарт маань тохиолдсон нэгэн үйл явдлыг бичье. Хүн бүрийн амьдралд, сэтгэл санаанд өгсөх уруудах үе ээлжилж байдаг. Тэр жамаар хэсэг хугацаанд миний сэтгэл санаа(Сээгий гээд нэрлэчихвэл хөөрхөн юм биш үү ер нь) нэлээн өөдрөг, өндөрт ниссэн байдалтай байлаа.

Түүний шалтгаан нь өмнөө тавьсан зорилготой болж авсаных байв. Ямар нэг том зорилго, тэмүүлэл хэрэгтэй байгаагаа сүүлийн үед мэдрээд л байсан, тэрийгээ олчих шиг л боллоо. Нэг их сонирхолтой биш ч боломжийн цалинтай ажил, энгийн тогтуун аж амьдралдаа би сэтгэл хангалуун байдаг ч илүү их рүү тэмүүлж амьдрах хэрэгцээ надад мэдрэгдээд байлаа. Тиймээс амьдралын хэв маягийг маань хүссэнээр минь өөрчилж чадах, амьдралыг маань илүү баялаг болгож чадах, хүсэл сонирхлын маань дагуу, бас намайг хувь хүний хувьд ихээхэн хөгжүүлж чадах тийм ажил хийх санаа төрсөн юм.(Яг үнэндээ санаа нь эрт төрсөн хирнээ тэрийгээ зорилго болгон тавьж зүрхлэхгүй байсан юм)

Амьдралыг хөгжихгүйгээр, шат ахихгүйгээр өнгөрөөх нь утгагүй юм шиг. "Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан..." гэж яруу найрагчид шүлэглэдэг л юм билээ. Гэхдээ тэд тэгж чадахгүй л байгаа биз дээ? Энгийн амьдрал сайхан ч мөрөөдөлгүй, тэмүүлэлгүй амьдрал утгагүй юм шиг ээ...

За тэгээд будаг нь ханхалсан, шинэхэн МӨРӨӨДӨЛ маань надад олон хоногийн эрч хүчийг харамгүй хайрлалаа. Өөрийн болохыг хүссэн "БИ"-дээ бараг л хүрчихсэн мэт санагдаж байлаа. "Дэлхийн дээвэр дээр гарсан мэт", "Ертөнц бүхэлдээ гарт багтсан мэт" тиймэрхүү мэдрэмжүүд байдаг даа... яг л тийм байлаа. Гэхдээ юм гэдэг ээлжтэй, өгсөж урууддаг жамынхаа дагуу эрч хүч маань суларч, өөрийгөө голдог гэх мэт өөдгүй муухай чанарууд маань хөвөөд гараад ирлээ. Бүх зүйл бүтэмжтэй, Сээгий маань өөдрөг сайхан байхад сул талууд маань нуурын ёроолд гүн шигдээд гаднаас харахад байхгүй мэт болдог аж. Харин ямар нэг эх сурвалжаас үүссэн эрч хүчний үйлдвэрлэл маань багасч, ажлын ачаалал зэргээс шалтгаалан бие сэтгэл ядраад ирэхийн цагт өнөөх гайхалууд маань хөвөөд гараад ирдэг юм байна. Шинэхэн МӨРӨӨДӨЛ маань бүр алга болчихоогүй, намайг өдөж сэргээсэн хэвээрээ байгаа ч анхны хүч чадал нь жаахан саарчихлаа. Бас олон хоногийн ядралааасаа болоод цоглог Азжаргал маань унжгар төлөв рүүгээ гялс яваад орчихлоо шүү. Одоо л яаралтай сөрөг арга хэмжээ авахгүй бол унжгар төлөвт удаан байвал улам гүнзгийрч, гүн унжгар төлөвт орчихдогоо мэдэх хойно доо. Тиймээс биеэ сайтар амрааж, Сээгийгээ сэргээх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлье байз!

Сээгий унжгар болоход нөлөөлдөг олон шалтгаануудын нэг ТОМ нь болох өөрийгөө голох, өөрийгөө сонирхолгүй хүн гэж боддог үзэл маань миний хамгийн том дайсан ч байж мэднэ. Насаараа л, ухаан орсон цагаасаа хойш энэнтэй тэмцлээ. Дорвитой ялалтад хүрч чадсан ч гэсэн бүрэн устгаж чадахгүй л байна, эсвэл бүрмөсөн устана гэж байдаггүй ч байж мэднэ.

Сээгий өндөрт гарсны бас нэг шалтгаан нь биеийн тамир байсийм байна шд, нээрээ. Эртнээс хүсэж байсан иогийн дасгалдаа явж эхэлсэн нь бас эрч хүч нэмэрлэсэн биз ээ. Одоо тэрийгээ үргэлжлүүлээд, биеэ сайн амраагаад, шинэ жилийн даашинзаа санаандаа хүртэл хийчихвэл Сээгий маань сэргээд ирнэ дөө. Бас шинэ МӨРӨӨДЛӨӨ цаашид ч хичээн дагана аа. "Мөрөөдөж л болж байвал биелэх боломжтой" гэсэн сайхан үгийг үргэлж санаж амьдарна аа! :-)

Tuesday, October 28, 2014

БИ гэж хэн бэ? ~эргэцүүлэл~

БИ гэж хэн бэ? Би бол ийм царай зүстэй, ийм зан чанаруудтай, ийм үзэл бодолтой хүн.
Гэтэл би зарим зан чанаруудаа жишээ нь өөрчилчихвөл өөр хүн болчих уу? "Хүн өөрийгөө олсон цагт өөр юуг ч гээдэггүй" гэсэн үг байдаг. Тэгээд бодохоор би өөрийгөө олно гэдэг нь юу гэсэн үг вэ? БИ гэдэг нь миний яг аль шинж, чанаруудын нэгдлийг хэлж байна вэ?

"Хүн төрөлхтөн хорвоо ертөнцийн бүхий л нууцыг тайлж чадах хирнээ ганцхан өөрийгөө л ойлгодоггүй. Тийм болохоор өөрийгөө ойлгохын төлөө, өөрийгөө олохын төлөө яв, амьдар. Өөрийгөө олох гэдгийг тодорхойлж хэлэхэд өөртөө илүү байгаагаа хасаж, дутуу байгаагаа нөхөх юм." гэсэн үгс оллоо. Тэгэхээр "Амьдралын утга учир нь өөрийгөө ОЛОХ бус өөрийгөө БИЙ БОЛГОХ явдал юм" (Life is not about FINDING yourself, life is about CREATING yourself - Bernard Shaw) гэсэн үг үнэн байх нь уу? 

Яаж ч бодсон хүн өөрийгөө хөгжүүлж, сайн тал руу нь өөрчилж байх хэрэгтэй. Тэгэхээр БИ гэдэг хүнийг улам төгөлдөржүүлж, БҮТЭЭЖ байх шаардлагатай байх нь. Гэхдээ хувь хүний ҮНЭЛЭМЖ (VALUES) гэдэг зүйлээ л хадгалж үлдэх хэрэгтэй. Тэгэхээр хүн бол тэр хүний ҮНЭЛЭМЖ байх нь ээ?

Sunday, October 26, 2014

Гомдол

Хүн гомдоох муухай
Хүнд гомдох бүүр ч муухай...

"Хүнд гомдоно гэдэг чинь эцсийн эцэст өөрийгөө л зовоож байна гэсэн үг. Хүнд гомдох огт хэрэггүй."

Энэ үгийг олонтаа сонсож байсан хирнээ л заримдаа гомдол төрөх юмаа.  Хүнд ямар ч хэрэггүй сэтгэл хөдлөл байдаггүй юм шигээ. Айдас, сэтгэл зовнил, эргэлзээ, гомдол аль аль нь заримдаа хэрэг болдог. Харин хэрэггүй үед нь бол хүн өөрөө удирдаж, дотроосоо хөөж гаргах ёстой байх.

Хүн дотны хүндээ л гомддог гэдэг. Хайртай дотно хүнийхээ ширүүн харц, хатуу үгэнд гомдох нь гомдоогчийн биш гомдогчийн буруу гэж үү? Би тэгж бодохгүй байна.

Мэдээж гомдоосон хүнийхээ байранд өөрийгөө тавьж үзэх, тэр хүнээ сайн ойлгохыг хичээх хэрэгтэй байх. Тэгээд ч нэмэргүй байвал яах ёстой бол? Гомдлоо бодоод шаналаад суулгүй өөр зүйлд анхаарлаа хандуулах л зөв арга бололтой. Үнэхээр нөгөө хүний буруу бол уучлал гуйхыг нь хүлээх хэрэгтэй, ор тас бүхнийг мартаад, тэр хүнийг өөгшүүлээд өнгөрч болохгүй дэг ээ. Харин тэр болтол өөр зүйлд, илүү өөдрөг, гэгээлэг, бүтээлч зүйлд анхаарлаа хандуулж байх хэрэгтэй юм шиг санагдлаа. Аливаа сөрөг сэтгэл хөдлөлийг өөртөө хадгалаад л байх тусам улам өсөөд, хүндрээд байдаг юм билээ. Тиймээс сэтгэлд хэн нэгэн хүнд ачаа ачлаа гэхэд тэрийг тээж явах эсэх нь эзэн хүний л мэдэх хэрэг юм байна даа.

Өөрийнхөө дотроос асуултын хариултаа олоход тусалдаг блогтоо баярлалаа!



Monday, September 8, 2014

Галзуу хүний өдрийн тэмдэглэл

....Хүн болж төрөх нь ховорхон олдох их хувь заяа гэдэг. Гэсэн атал хүн хүнээ алж устгахдаа өчүүхэн ч тоохгүй байх нь бий. Ялангуяа дайн дажны үед "эрдэнэт хүний амь" ялааны амьнаас ялгаагүй болчихдог. Гэхдээ тэр амийг юуны төлөө өгч байгаа нь чухал. Эх орныхоо төлөө, тусгаар тогтнолынхоо төлөө зориулахад амиа хайрламгүй мэт. Энхийн цагт амьдарч байгаа миний хувьд өөрийн болон дотно нэгнийхээ амийг эрх чөлөөнийхөө төлөө өргөж чадах уу гэвэл хэлэхэд хэцүү. Магадгүй сэлгэлзүйн бэлтгэл хийсэн цагт зоригтой чадна гэж хэлж ч мэдэх юм.("Тунгалаг Тамир" сонсоод, бас нисэх буудал руу алхах замдаа таарсан олон хорхойг хараад төрсөн бодлууд)

.....Аз жаргалтай байхад маань ажлын байрны нөхцөл мэдээж нөлөөтэй. Нэг л мэдсэн чинь өрөөндөө ганцаараа эмэгтэй, бас ханиндаа хоолонд явах хүн олдохгүй болчихож. Нэг бодлын асуудалгүй мэт боловч, заримдаа ганцаардмаар ч юм шиг. Би өөрөө л нөхцөл байдлыг яаж харахаас хамаарах байх л даа.

.....Нөхрийн маань авч өгсөн, жил хагас найзалсан утсаа хаячлаа. Хаана хэний гарт, өөр утасны сэлбэг болох гээд байж байгаа бол доо. Хэрвээ дахин ашиглах гээд асаавал шууд мэдэх аппликэйшн суулгачихсан болохоор хүлээгээд л сууж байна даа. Ухаалаг утасгүй амьдрах аргагүй мэт санагдах. Гэтэл хэд хоног хуучин 3310 бариад явахад тархи амрах ч шиг.

.....Надад ямар нэг зорилго хэрэгтэй байна уу? Эсвэл ядаж тэр түргэн болоосой гэж хүсэн хүлээх үйл явдал. Тийм зүйлгүй бол өдөр хоног ямар ч утга учиргүй өнгөрөөд байх шиг. Өдөр тутам, хором бүрээ мэдэрч, амталж, аз жаргалыг түүнээс л олж авах хэрэгтэй гэж бодсон хирнээ хэрэгжүүлж чадахгүй л байна.

.....Би одоогийн ажлын байрандаа, энэ байгууллагад ажиллаж байгаадаа ямар их азтай хүн гэдгээ гүн ухаарах боллоо. Гадаадад цуг сурч байсан хүмүүсээ харсан ч, бусад байгууллагад, бусад ажлын байранд ажиллаж байгаа хүмүүсийг харсан ч тэр. Гэтэл энэ ажлаасаа болихыг хүсэх сэтгэл давхар надаас салдаггүй. Жаргалтай газар хүн тогтдоггүй гэдэг энэ үү? Эсвэл надад яг тохирсон өөр ажил байгаа юм болов уу? Тэр нь миний сэтгэлд 100% нийцсэн байлаа гэхэд орлого нь санаанд хүрэх болов уу? Энэ асуултуудын хариуг мэдэхийн тулд яах ёстой юм болоо?

..... Хүсэхэд хясах... Тусдаа гарах гэсэн хүсэл маань хүсэх тусам холдох юм. Тэрийг хаяад хүүхэд хүсэж эхэлсэн чинь бас олон уул даваатай тулаад уналаа. Хүсэл биелэх томьёо ёрөөсөө л "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэсэн үгээр илэрхийлэгддэг л дээ. Би тэгэхээр хангалттай их хичээхгүй байна. Эсвэл хангалттай их сайн үйл хийхгүй байна. Нөгөө талаас, хүсэл бүхэн дорхноо биелээд байвал утгагүй. Бүх зүйл тэгш сайхан болох нь утгагүй. Жаргал зовлон тэнцвэртэй(balanced) байх ёстой. Хүүхэд ч өвдөөд, би ч өвдөөд байгаа нь ямар нэг учиртай л байгаа байх.

Ийм олон янзын бодол толгойд ээлжлэн эргэлдэнэ. Нэг хүн ингэж хэлсэн байна: "Чи таван минутын хугацаанд тархиндаа орж ирэх бодол бүрээ жагсаагаад бичих гээд оролдоорой л доо. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг л юм байх вий. Бидний зовлонгийн нэг шалтгаан энэ. Хүүхэд аз жаргалтай байдгийн шалтгаан нь олон юм боддоггүйнх." Үнэхээр л олон юм бодсондоо ядарчих үе бий шүү.


Monday, August 18, 2014

Ойрдоо...

Жаахан сүртэй гарчиг өгчив үү дээ. Ойрын үед бодож санасан, ухаарсан, мэдэрсэн зүйлсээ л бичье гэж бодлоо.

Амьдралыг маань орвонгоор нь эргүүлж ч мэдэх нэг явдал сая боллоо. Тэр явдал надад өөртөө, одоогийн амьдралдаа дүгнэлт хийх боломжийг өглөө. Хүн өдөр болгон ийм үнэлгээ, дүгнэлт хийгээд байж чаддаггүй шүү дээ. Тэгээд би гэдэг хүн дараах дүгнэлтүүдийг гаргалаа:
  
     1-рт: Нэгэн цагт олж аваад байсан өөртөө итгэлтэй, идэвхтэй байдлаа сэргээх хэрэгтэй юм байна. Өөртөө итгэлтэй байдал сэргэвэл ажлын бүтээмж дээшилнэ, сэтгэл санаа сэргэнэ, амьдрал илүү өнгөлөг, үр бүтээмж өндөртэй, дурсамжаар дүүрэн өнгөрөх болно.
     2-рт: Өөрийгөө хөгжүүлэхэд илүү цаг гаргая. Хүний хөгжлийг байнга урагшилж байдаг галт тэрэгтэй зүйрлэвэл би нэг зогсоол дээрээ зогссоор байгаа, эсвэл маш удаан салганан явж байгаа юм байна. Амьдралыг харах өнцөг маань, өөрийгөө үнэлэх үнэлэмж маань тэр хирээр тэлэх, өсөх ёстой.
     3-рт: "Хүүхдээ ямар хүн болгохыг хүснэ, өөрөө тэр хүнээ бол" гэдэг. Охиндоо бий болоосой гэсэн шинж чанаруудыг эхлээд өөртөө бий болгоё. Аймхай, зориг муутай, нүүрэмгий бус зэрэг зангуудыг нь өөрчлөх арга замуудыг судалъя. Хамгийн чухал нь магтаж, урам өгч байхаа мартахгүй байя.
     4-рт: Агаар салхинд гарах, байгальтай ойртох боломж бүрийг ашиглаж байя. Ямар их эрч хүч, цэнэг өгдөгийг энэ зун л мэдэрлээ. Салхи хацрыг илбэх, нар дулаанаар ээх, модод шуугих, өвс цэцэг алаглан өнгөө гайхуулах бүрт би ямар аз жаргалтай байгаагаа мэдэрдэг болсон.

Thursday, June 19, 2014

Аяллаас төрсөн сэтгэгдэл

2 долоо хоног Тайланд улсад аялаад ирлээ.

Гэр бүлтэйгээ халуун орноор аялахсан гэсэн олон жилийн мөрөөдөл маань ингэж биелдэг юм байна. Амьдрал үнэхээр баян, бас гайхалтай юм. Хүний хүсэл мөрөөдөл үнэхээр биелдэг юм байна.

Гэхдээ хүсэл мөрөөдөл гэдэг зүйл бодит байдлаас хэзээд илүү амттай, илүү ер бусын байдаг ажээ. Амьдралын маань нэг том мөрөөдөл биелсэн атал яг төсөөлж байсан шиг ид шидийн мэдрэмж ховорхон төрж, төрсөн ч гэсэн бодит амьдралын аар саар асуудлуудтай холилдоод амт нь саарчихаад байлаа.

Нэг талаас хэвийн амьдралаасаа холдож, шинэ орчин, шинэ хүмүүс, шинэ мэдрэмжүүдээр хүрээлүүлж сэтгэлзүйн хувьд гайхалтай сайхан цэнэглэгдлээ. Нөгөө талаас боломжийг алдахгүйг хичээн цөөн хэдэн хоногтойгоо уралдан зүтгэснээс болж бие махбодийнхоо хэрийг хэтрүүлсэн бололтой. Эрүүл мэндийн асуудал, биеийн ядралыг эс тооцвол гайхалтай амралт боллоо.

Урьд нь Тайландад очихдоо хийж чадаагүй хэдэн зүйлээ амжуулав. Эмэгтэй хүн л болсон хойно улаа эргэж, мөнгөө дуустал дэлгүүрээр хэсэв. Олон сайхан дурсамж, олон сайхан гэрэл зурагтай л буцаж ирлээ дээ.

Наашаа ирэх өдөр болоход "Ингээд л буцах болчлоо гэж үү. Дахиад жаахан байхсан.." гэж өөрийн эрхгүй бодогдсон. Аажуу тайван, үзэж хармаар байгаа бүхнээ үзээд ирэхэд яг нэг сар хүрэлцэхээр санагдаж байв. Тэр тусмаа хүүхэдтэйгээ явсан тул салхинд туугдсан мэт яарч явах хэцүү байлаа.

Ирсэн хойноо Монголынхоо бараан, бухимдал дүүрэн амьдралыг хараад эрхгүй гуниг төрснийг нуух юун. Эх орон, элгэн саднаа санасан сэтгэлийг харийн дулаан агаар, хачин чамин зүйлс нь давж дараад болохгүй байлаа. Харин 3 дахь өдрөөс арай өөр байна шүү. Гэртээ байх тав тух, энгийн амьдралын тайван хэмнэл эрхгүй үгүйлэгдсэнийг мэдэрлээ. Бас харьд мэдрэгдэж байсан хачин таатай, сэргэг гоо мэдрэмж энд ирсэн хойно ч мэдрэгдээд байх нь таатай. Хэрвээ анзаарч чадвал Монголдоо ч тэр мэдрэмжийг олж мэдэрч болдог байх нь ээ янз нь. За ямар ч гэсэн орчноо өөрчилж шинэ соргогтой учирсны хүчинд элдэв зүйлийг бодож, амьдралдаа шинэлэг  гэгээ тусгаж чадлаа.

Одоо харин наашаа ниссэн өдөр толгойд буусан нэг сонин бодлоо бичье.

Бидний амьдрал хэвэнд цутгасан юм шиг нэг л янзаараа урссаар байдаг. Тийм л байх ёстой гэж бид бат итгэсэн байдаг. Гэтэл амьдрал арай өөр байж болдгийг би сая мэдэрлээ. Байнга аялж амьдарна ч гэж юу байхав, гэхдээ хүн  энэ богино амьдралаа яагаад өөрийн хүслээрээ, тааваараа өнгөрөөж болохгүй гэж? Барууныхны нэрлэдгээр jetsetter-ийн амьдралаар би бас яагаад амьдарч болохгүй гэж? Энэ баян тансаг амьдралд шунаж, эвдэрч байгаагийн шинж үү эсвэл сайн сайхан өөд тэмүүлж, эерэг өөрчлөлтийг хүссэн зөв тэмүүлэл үү?

Мэдээж аялж зугаалахад мөнгө хэрэгтэй, өндөр орлоготой байх хэрэгтэй. Өндөр орлогынхоо эх үүсвэрийг эхэлж олох хэрэгтэй. Эсвэл өдөр тутмын зардлаа багасгаж орлогоо зөв хуваарилах хэрэгтэй. Ер нь хүн гэдэг хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэвэл хүршгүй оргил, биелэшгүй зүйл үгүй гэдэг. Надад байгаа их нөөц бололцоог би мэдэрдэг хирнээ ашигладаггүй. Ийм сайхан амьдралын төлөө дотоод чадамжаа ухаж дайчлах нь хамгийн оновчтой шийдэл биш үү?  Магадгүй энэ бодол миний аяллаас олж авсан хамгийн үнэтэй олз ч юм билүү??


Эцэст нь нэг ийм жагсаалт гаргахаар шийдлээ:

                         Гадаадад аялахдаа анхаарах зүйлс:

1. Биеэ сайн бэлдэх. Богино хугацаанд их зүйлийг амжуулахаа бодож хүчээ нөөцлөх, биеэ сайн амраасан байх.Очсон хойноо ч өвдөхгүйг хичээж биедээ хямгатай байх. Өөртөө тохиолдож болзошгүй өвчнүүдэд эм бэлдэж авч явах.

2. Явах газруудаа сайн судлах. Сая мэддэг газар луугаа явж байгаадаа найдаад, бас нутгийн танидаг хүмүүст найдаад зарим зүйлсийг дутуу үзсэндээ харамсал төрөөд байна. Үзэж харахаа л дутуу орхиж болдоггүй юм байна, эд барааг бол дутуу авсан ч дараа нь хүнд захиад ч болов авчихна шүү дээ.

3.
.
.
.(бодож байгаад дараа гүйцээнээ)

Wednesday, April 30, 2014

Сэтгэл гэж юу юм бол?

"Хүн бол сэтгэлийн амьтан" гэж ярьдаг. БИЕ, СЭТГЭЛ САНАА хоёр салшгүй холбоотой байдаг. СЭТГЭЛ нь өвдөхөд БИЕ нь дагаж өвддөг, харин БИЕ өвдөх бүрт СЭТГЭЛ өвдөөд байдаггүй. Бас БИЕийн зовлонгоос СЭТГЭЛийн зовлон хэцүү гэж ярьдаг--------> Энэ бүхнээс дүгнэхэд СЭТГЭЛ гээч нь БИЕнээсээ илүү чухал зүйл болох гээд байнаа даа?

Ер нь СЭТГЭЛ гэж яг юу юм бол оо? Хүн бүр л өөр өөрөөр тодорхойлох байх. Би жаахан шашны өнцгөөс харсан тайлбар олчихоод байгаа. Хүн махан бие, сүнсэн бие гэж 2 биетэй байдаг гэдэгт би итгэдэг. Махан бие нь үхэхэд сүнсэн бие нь там, диваажингийн аль нэгэн рүү явах юмуу дахин өөр биед орж шинэ төрлөө олдог гэдэгт ч итгэдэг. Энэ тайлбар нь хэдийгээр шашны мухар сүсэг гэж зарим хүнд харагдаж болох ч шинжлэх ухаан ямар ч байсан сүнс байдаг гэдгийг хүлээн зөвшөөрчихөөд байгаа шүү дээ.

Тэгээд энэ өнцгөөс нь харахаар СЭТГЭЛ гэдэг нь хүний СҮНСэн биеийн нэг хэсэг бөгөөд түүний цээжин хэсэгт оршиж байдаг гэж нэг эх сурвалжаас уншлаа. Үнэхээр тийм бол СЭТГЭЛ нь СҮНС-ний нэг эрхтэн гэж хэлж болох нь. СҮНСэн биений маань зүрх нь ч байж болох юм.

Үргэлжлэл бий...

Thursday, April 17, 2014

Өөрийгөө хөгжүүлэх -1

   Анзаараад байхад сэтгэл санаа тавгүй үедээ л блогоо санаад бусад үед мартчихдаг юм байнаа би. (Сэтгэл тавгүйрхэх гэснээс ойрдоо бухимдалтай үе бас байсаан, гэхдээ блогноос өөр арга хэмжээ аваад байж л дээ.) Сая харин өөр хүний блог уншиж байгаад ер нь санаанд буусан болгоноо бичээд нэг үзий гэж бодлоо.
 

   Сүүлийн үед/магадгүй хүүхэдтэй болсноосоо хойш ч юмуу?/ тодорхой нэг сэдвийг гүнзгийрүүлэн судалж, ухаж төнхөх дуртай болчихлоо. Заримдаа бүр өөрийгөө ядартал нэг юман дээрээ эргэлдчихнэ. Бодол хүнийг их ядраадаг, сэтгэл санааг савлуулах их хүчтэй нөлөөтэй болохыг мэдэж авлаа, одоо анхааралтай байнаа.

   Ойрдоо харин их чухал сэдэв сонгоод авах шиг боллоо. Сэтгэл санаагаа яаж удирдах, яаж үргэлж жаргалтай, өөдрөг, эрч хүчтэй байдлаа хадгалах тухай. Нэг үгээр "Өөрийгөө хөгжүүлэх" гэж нэрлэмээр юм уу? Олон жилийн өмнө яг энэ сэдвээр би яг ингэж идэвхтэй судлаад, баахан дагаж мөрдөх жагсаалтууд гаргаад, тэрнийхээ дагуу хичээллэсэн юм даг. Тэгээд маш их үр дүнд хүрснээ санаж байна. Тэр үед хүн өөрийгөө яаж л бол яаж өөрчилж болдог юм байна, би хүсвэл ямар ч амжилтанд хүрч, юуг ч хийж бүтээж чадах юм байна гэж итгэсэн юм даг. Би өөрийнхөө дотор асар их хүч чадал байгааг олж харсан.

   Гэтэл хүрсэн жаахан амжилтдаа цадаад, хичээл чармайлтаа зогсоосноос эргээд хуучин хэвэндээ орж байгаагаа анзаарсан. Өөртөө суулгасан үзэл бодлууд маань эргээд замхарч, дасгалжуулсан байсан зан төлөв, дадал зуршлууд маань сулран арилж эхэлсэн. Тэр үед өөртэйгөө ажиллах боломж муутай байсан тул тэгээд орхисон юм даг.

   Харин одоо тэрийгээ эргээн сэргээж байгаадаа баяртай байна. Одоо яг онолоо боловсруулах явцдаа байгаа тул тодорхой бичихээ азная.
      - Эхний шатанд онолуудаа боловсруулна.
      - Дараагийн шатанд тэдгээрийнхээ дагуу арга хэмжээнүүд авч хэрэгжүүлнэ.
      - Тэгээд гарч байгаа үр дүнгүүдээ ажиглана, үнэлж дүгнэнэ, шаардлагатай бол засвар оруулна. Энэ бүгдийг эмх цэгцэнд оруулсан хойноо блогдоо оруулнаа.

   Одоо харин энийг уншиж байгаа танд нэг хүсэлт байна. Би анх энэ блогийг зөвхөн өөртөө зориулж, бодол санаагаа цэгцлэхийн тулд бичиж эхэлсэн юм. Гэтэл зөвхөн бичих биш, бусадтай санаа бодлоо хуваалцах нь илүү чухал гэдгийг ухаарлаа. Хэрвээ та энийг уншаад саналаа хуваалцмаар, зөвлөлдмөөр, зөвлөгөө өгмөөр санагдвал коммент бичээрэй гэж хүсье. Танихгүй хирнээ адилхан сонирхол, үзэл бодол, амьдралын хэв маягтай хүмүүстэй блогоор дамжуулан танилцаж, санаа бодол, туршлагаа солилцох таатай биш гэж үү?





Wednesday, March 26, 2014

Сэтгэлээ чагнахуй-3

  Олоон жилийн өмнө харь улсад удаан хугацаагаар сурч билээ. Хэдий хүсэн мөрөөдөж, зорьж очсон ч гэлээ дөнгөж 20 хүрсэн насандаа, анх удаа эцэг эхээсээ холдон олон жил амьдарсан нь сэтгэл зүйд маань маш хүндээр тусч билээ.

Сэтгэл гутрал, бухимдал (англиар depression) гэх сэтгэлзүйн өөрчлөлтөнд орсоноо явцын дунд мэдсэн сэн. Тэр үед мэдэрч байсан дааж давшгүй их гуниг гутрал, сэтгэлийн хоосролыг үгээр илэрхийлэхэд бэрх юм. Гэхдээ тэр бүхнийг давж гарсандаа би баярладаг. Тэр явдлын ачаар би өөрийгөө таньж мэдсэн, өөрийн сэтгэлзүйн онцлог, хир хязгаараа мэдэж авсан. Мөн аливааг давж гарах сэтгэлийн тэнхээтэйгээ олж мэдсэн нь хамгийн чухал.

Сүүлийн хэд хоногуудад яг тэр үеийнх шиг мэдрэмжүүд төрөх боллоо. Гэнэт ямар нэг шалтгаангүйгээр сэтгэлээр унаж, амьдрал бүхэлдээ саарал, уйтгартай болж... юу ч хийсэн сонирхолгүй мэт, хэнтэй ярьж, юу хийвэл дээрдэх бол гэж бодон орох байх газраа олж ядах...

Юм бүхэн учир шалтгаантай байдаг даа... би яагаад ингээд байнаа?...

Ер нь бухимдсан үедээ эгч дүү, найз нартаа яриад л тайвширчихдаг сан. Гэтэл энэ удаад бүгдэнтэй нь яриад ч нэмэр алга. Блогтоо бичвэл яадаг юм бол...

Энэ лав Өлзийтөгсийн номноос болсон дог оо. "Хотын үлгэрүүд" гэдэг номыг нь уншиж эхэлсэн юм. Юм болгоны учир шалтгаан, үр дагаварыг гярхай ажиглаж, гүнзгий шүүн тунгааж, төсөөлөн бодож явдаг болох нь зохиолоос нь илэрхий. Яг тэр хэмнэлд нь би өөрөө автаж эхэлсэн юм шигээ. Амьдрал, үхэл, хайр, гэр бүл гээд том сэдвүүдээр зогсохгүй навч, гар, ширээ гэх мэт чухал бус санагдах зүйлсийг ч өлгөн авч, тэдгээрийн талаар эргэцүүлэн, этгээд сонин дүгнэлтүүдийг гаргасан байх юм. "Насандаа ахадсан олон зүйлийг бодож, шаналж, гуниж явдаг, нэг бодлын бусад эмэгтэйчүүдийг бодвол би их азгүй хүн" гэж Өлзийтөгс өөрийгөө хэлсэн байсанчлан яруу найрагч, зохиолч хүний сэтгэл дотор яг тийм байнгын салхи шуургатай, тогтворгүй, хуйсагнасан байдал оршиж байдаг бололтой. Би өөрөө их эмзэг мэдрэмтгий сэтгэлзүйтэй хүн тул тэр байдлыг өөртөө тусгаж аваад байна уу даа. Одоо айгаад дахиж номыг нь уншихгүй байгаа. Тэгээд аль болох бага юм бодож, сэтгэлээр унаж эхэлвэл өөр зүйл хийн өөрийгөө сатааруулж, гунигтай байдлаа тоож анзаараад байлгүй, бас арилгах гээд хичээгээд байлгүй, арилж үгүй болтол нь зүгээр зөнд нь орхих хэрэгтэй болохыг мэдээд байгаа.

Би ганцаараа ийм юм болов уу, надтай адилхан хүн байдаг болов уу?

Ном уншаад сүрхий ухаажаад, өөдрөг жавхаалаг болчихлоо гэсэн чинь бүр эсрэгээрээ эргэх шив. Миний уншсан номонд учир байв уу, эсвэл надад учир байв уу?


Saturday, March 22, 2014

Сэтгэлээ чагнахуй-2

Сэтгэл өөрөө бас нэг эрхтэн гэдэг. Үнэхээр сэтгэл өвддөг, шархалдаг, бас эмчлэгддэг.

Миний сэтгэлийн эмчилгээ гэж үзээд байсан Л.Өлзийтөгсийн номын хувьд би эндүүрч байсан бололтой. Хадмуудтайгаа үүссэн зөрчлөө би тэр номын ачаар давж гарсан гэж бодож байсан маань биш байж. Тэр ном үнэхээр сайн ном, залуу хүн бүр уншууштай ном гэж үзсэн хэвээрээ байна. Харин миний асуудлыг шийдэгч нь миний найз байсныг би сая ухаарлаа. Хар багын, дотны найздаа долоон булчирхайгаа тоочиж нэг оройжин хөгжилдөж суусан юм. Тэр орой л миний хамаг гомдол цөхрөл, уур хилэн арилж ухаарал, шийдэл толгойд минь харван орсон болохыг анзаарлаа.

Хүний анд нөхөр хичнээн агуу, хичнээн үнэтэй вэ!

Нэг асуудал замхартал дараагийнх нь босоод ирдэг ямархан ч хорвоо юм бэ дээ. Тэр нь бас л өчүүхэн жаахан хумхын тоос шиг зүйл, гэхдээ л миний хэдэн ч алтан өдрийг бүүдийлгэж чадсан юм даа. Шалтгаан нь юу байсан гээч? Уйдах. Надад гэр бүл, ажил төрөл, хангалттай эд хөрөнгө, эрүүл мэнд байна, гэтэл бас уйдмааргүй байна гэнээ. Хүн яг яавал бүрэн аз жаргалтай байдаг юс бол оо? Үргэлж аз жаргалтай байх угаасаа боломжгүй. Гэхдээ л уйтгар гуниг, зовлон шаналгаа үнэхээр хэцүү юм аа. тэрийг мэдрэхгүй байхыг хичээх хэрэгтэй юу, эсвэл мэдэрсэн чигтээ өнгөрч арилахыг нь хүлээх учиртай юу?  Энэ бичлэгээ асуултаар дуусгаж орхиоп дараа үргэлжлүүлье. Хэт орой болсон байна, жаахан унтаад авъя.

Сэтгэлээ чагнахуй - Л.Өлзийтөгс

 Саяхнаас Л.Өлзийтөгс-ийн "Үзэхийн хязгаар" гэдэг номыг уншиж байгаа юм. Сүүлийн үед нэлээд алдаршаад байгаа энэ зохиолч бүсгүйн үзэл бодол, амьдралд хандах хандлага надад олон мартсан зүйлийг маань сануулж, бас олон зүйлийг шинээр ухааруулж байна. Хамгийн гол нь болох амьдралаа "томоор" харах ухаан миний дотоод ертөнцөд томоохон өөрчлөлт авчирч байх шиг.

Өөрөөр хэлбэл, биднийг зовоож байгаа ихэнх хүнд хэцүү, шаналгаатай асуудлуудыг "томоор харвал" яг үнэндээ өчүүхэн зүйлс байдаг. Илүү өргөн хүрээнд харах хэрэгтэй гэсэн үг, гэхдээ мэдээж гэнэт харъя гээд харчихаж бас болдоггүй л дээ. "Томоор харж эхлэх" буюу харах өнцгөө өөрчлөхийн тулд ямар нэг онцгой үйл явдал, хэн нэгний цагаа олсон үг, үйлдэл гэх мэт зүйлс тус болдог бололтой юм. Миний хувьд тэр нь энэхүү ном байлаа.

Номын талаар биш өөрт төрсөн сэтгэгдэл, бий болсон өөрчлөлтүүдээ бичье гэж бодож байна.

Сүүлийн үед цорын ганц гэж хэлж болох сэтгэлийн шаналгаа маань энэ номыг уншсаны дараа тайлагдлаа. Юу гэхлээр, би урьд бичсэнчлэн хадмуудтайгаа амьдардаг. Хадмууд маань нас дээр гарсан жирийн л хөгшид. Би бас сайн, мууг хослуулсан жирийн л нэг эмэгтэй/бэр. Хэргийн гол нь хадам, бэрүүд нэг гэрт байхаар үүсдэг ахуйн жижиг зөрчлүүдээс болж бидний харьцаа нэлээн муудсан байсанаас ялих ялихгүй зүйлд нэг нэгэндээ уурлаж, гомдож, хорсдог, нэгнээ байнга муулдаг болчихсон байлаа. Байдал нэлээн хурцдаж, миний тэвчээр хязгаартаа хүрсэн мэт санагдаж байлаа. Гэтэл ухаалаг зохиолч бүсгүйн ачаар хүсвэл би энэ байдлыг өөрөөр харж болно гэдгээ ухаарч, өөрөөр харах хүч чадлыг олж авсан юм. Хадмууд маань маш муу хүмүүс болоод намайг зовоогоод байсан юм биш, би их муу хүн болоод хадмууддаа адлагдаад байсангүй. Бид өөр хүмүүс тул яах ч аргагүй ялгаа байсан, харин бидний харьцаа хүйтэн хөндий болсон байсан тул тэр ялгаагаа харилцан хүндэлж, хүлээн зөвшөөрдөггүй байсан. Тэр хүйтэн хөндий байдал олон сар жилийн явцад бий болсон байсан, харин тэр байдлыг зөөллөх хэрэгтэй гэсэн ухаарал миний дотор үүссэн нь энэ номын л ач. Надад тийм ухаарал төрснийг би өөрөө бүрэн ойлгож ч амжаагүй байхдаа хадмууддаа бэлэг барьж, харьцаагаа засах алхмыг тэр дор нь хийж, үр дүнгээр нь шагнуулсан юм даа. Нуруун дээрх том хар чулуу авагдсан шиг санагдана.


Инээд

Шөнө болтол кино үзээд нойр хулжчихлаа. Тэхээр бодсон зүйлсээ бичихээс дээр ажил алга даа.

Хоёр кино үзсэний сүүлийнх нь инээдмийн кино байлаа. Женифер Анистоны тоглосон "Миллерийнхэн" гэдэг кино. Надад ер нь инээдмийн кино л хамгийн тохирох юм байнаа. Өөдрөг байдлаа байнга хадгалж байхад минь  тустай. Ялангуяа зарим нэг шалтгааны улмаас сэтгэл таагүй байгаа ийм үед эхэлж үзсэн Gravity(Sandra Bullock) шиг кино үзэлтгүй юм байна. Олон Оскар авсан болохоор нь л сонирхоод үзчихлээ. Яахав үзүүштэй л кино байна.

За үндсэн сэдэвтээ оръё. Би угийн их нухацтай(серьёзный) хүн болоод тэр үү, хошин шогийн мэдрэмж муутай, манай гэр бүл ер нь нэг тиймэрхүү. Гэхдээ хүн өөрөө хичээвэл шогийн мэдрэмжээ дээшлүүлж болдог шиг байгаам. Тиймээс тэр талаар уншиж судлаад, янз бүрийн аргууд ч туршиж байлаа. Одоо ч заримдаа хошин байя гэж хичээдэг. Ер нь хошин наргианч зантай хүнд хүн бүр дуртай байдаг, ажил нь бүтэмжтэй, өөрт нь ч амар байдаг гэж би боддог. Хэцүү байдалд орохоороо хошин талаас нь харахаар хөнгөрөөд л ирдэг шдэ. Тэгээд би сая өөрт тохиолдсон хөгтэй явдлуудаа санаж, facebook-н "Бидэнд тохиолдсон хөгтэй явдлууд" группт бичье гэж бодоод дурсамжуудаа онгичив оо. Гэтэл тоймтой юм орж ирдэггүй. Хэт орой болоод толгой ажиллахгүй байж болох, эсвэл надад үнэхээр хүнийг татаалгаад байх хөгтэй явдал тийм цөөн тохиолдсон юм болов уу? Тэгээд нэг ийм дүгнэлт хийлээ. Би хөгжилтэй түүх санахгүй байгаа нь дараах шалтгаануудтай байж болно:

1. Би их даруухан охин байсан тул надад хөгтэй явдал бараг тохиолдоггүй байсан.
2. Би хэт нухацтай хүн учраас ямар ч зүйлийг нухацтай талаас нь хараад хөгжилтэй талыг нь харалгүй өнгөрөөдөг байсан
3. Эсвэл бүр мартсан байж болох. Уг нь хуучин хөгтэй явдлуудаа ч марталгүй, шинийг ч "бүртгэж авч", ХОШИН ШОГИЙН ХАВТАС-андаа цуглуулж байх хэрэгтэй байх.

Ямар ч байсан хүн ямар нөхцөл байдалд, ямар сэтгэл санаатай байгаа нь шогийн мэдрэмжид их нөлөөлдөг юм билээ. Нэг удаа гадаадад хэсэг байж байгаад харих замдаа онгоцонд "Just for laughs" гээд хүмүүсээр тоглоом хийдэг нэвтрүүлгийг үзээд нулимсаа гартал, хүмүүсийг гайхаад эргэж хартал инээж билээ. Дараа нь гэртээ үзсэн чинь тийм ч инээдтэй санагдахаа больсон байсан.

Сэдвээсээ халиад нэг юм бичихэд Ж.Анистон, С.Буллок хоёулаа миний хайртай жүжигчид. Гол нь тэдний алиа хошин зан нь надад их таалагддаг. Бас мэдээж үзэсгэлэнтэй, чадварлаг жүжигчид.

Инээд сэтгэл сэргээж, эрүүлжүүлж, залуужуулдаг гэдэг. Би гэтэл амьдралдаа тохиолдсон хамгийн хошин явдлаа одоо болтол санадаггүй, мөн хачин аа. Хүн бүрт хошин шогийн мэдрэмж их бага хэмжээгээр байдаг, тэрийгээ илрүүлж, тордож байх хэрэгтэй гэх юм билээ. Би олон хүмүүсийн, тэр тусмаа танихгүй хүмүүсийн дунд хээв нэг алиалаад, хүмүүсийг инээлгэчихээд яваад өгдөг болохсон гэж боддиймаа.

Амьдрал богино ч гэсэн амжуулж инээж, баярлаж, хайрлаж, мэдэрч, үзэж, сонсож, амталж авах цаг хангалттай байгаа шүү дээ. Энэ ухаарлаа харин мартахгүй байхсан. Мартвал энд бичсэнээ уншаад сэргээж байхаа мартахгүй юмсан!

Wednesday, March 12, 2014

Цоо шинэ "БИ"

Нэрнээсээ аваад өөдрөг зүйл бичих гэж байгаа нь харагдаж байгаа биз? Тиймээ, алийн болгон гутранги байхав, хааяа өөдрөг сэтгэгдлээ бас бичиж байхаар шийдлээ. Хүний амьдралд сайн муу ээлжилдэг жамаар миний амьдралын нэгэн сэргэлт, сэхээрэл, ухааралын үе эхэлсэн шиг байна.

Саяхан л боож үхэх шахаж, "нервтээд" байсан би гэдэг хүн "сэтгэлийн амар амгалангийн өрөө"-ний үүдийг нээгээд ороод явчихлаа. Бухимдлынхаа шалтгааныг мэдэж байсан ч, яаж тайлах ухаанаа олохгүй явж байгаад гэнэт нэг өдөр тэнгэр цэлмэх шиг, бурханы шийтгэл дууссан мэт нэг л өдөр гэгээн ухаарал толгойд маань харван орж ирлээ. Сайн найзын буянд, мэдээллийн эрин зууны ачаар яг надад хэрэгтэй байсан мэдээлэл, ухааралаа олж авлаа. Хүн өөрийнхөө учрыг л олсон байхад бусад бүх зүйлийн учир аяндаа л олддог юм байна, ямар ч байсан миний хувьд тийм байна. Би өөрийнхөө учрыг олоод, өөртэйгөө эвлэрэнгүүт бусдыг ойлгох, бусадтай зөв харьцах, бусдад туслах зэрэг чадвар нэмэгдэж, ажлын бүтээмж дээшилж, шинийг сурах, хийж бүтээх эрмэлзэлээр дүүрээд ирдэг юм байна. Нэг талаас цоо шинэ БИ гэдэг хүн бий болсон ч юм шиг, нөгөө талаас миний дотор байсан хүч, чадвар сэтгэлзүйн дарамтандаа боогдож байгаад одоо ил гарч байна уу гэлтэй.

"Нэгэнт өөрийгөө олсон хүн ахин юуг ч гээдэггүй" гэсэн онч үг байдаг билээ. Тэрний дагуу би өөрийгөө олоон жилийн өмнө олсон гэж бодож байсан атлаа сүүлийн үед хааяахан алдчих гээд байх болсон, харин энэ удаад дахин алдахгүйн тулд өөрөөсөө чангахан шиг зуураад авахаа мэдье ээ байз!

Богинохон энэ амьдралдаа өөрийгөө дахин гээгээд байлгүй, хийж чадах бүх зүйлээ хийж амжуулаад буцахад л болно буй заа.

Thursday, February 27, 2014

Өөдрөг занг худалдаж авахсан

Бухимдал(depression)... стресс... мэдрэлийн ядаргаа...?

Аль нэг нь яах аргагүй надтай найзлахаар шийджээ. Болдогсон бол өөдрөг сэтгэл, тайвшралыг худалдаад авчих юмсан. Сэтгэлээ сэргээх гэж янз бүрээр л үзэж байна, гэсэн ч цаанаа л нэг гуниг сэтгэлд хургачихаад гарч өгөхгүй юм. Хүнтэй харьцахаас аль болох зугтаад, ганцаараа дуртай зүйлээ л хийгээд баймаар, ажлаа хиймээргүй санагдаад, өчүүхэн зүйлд л уурлаж бухимдаад байх боллоо. 

Бухимдал буюу depression гэдэг зүйлтэй бол би танил л даа. Олоон жилийн өмнө тэр нөхөртэй нэлээд гүнзгий нөхөрлөөд, арай хийж өөрийгөө татаж авсан юм даг. Тэр үетэй харьцуулахад байдал арай хөнгөн байгаа хэдий ч зарим нэг шинж тэмдгүүд нь адилхан байгаа нь жаахан айдас төрүүлээд л байна шүү. 

Стресс бол байж болох юм аа. Бага насны хүүхэдтэй, ажил хийдэг, дунд насны эмэгтэй хүнд стресс цуглах бол байх л асуудал. Тэрийгээ яажшуухан хөөж явуулах вэ гэдэг л чухал. Эсвэл шөнө болгон оройтож унтаад (шөнө 6 цаг орчим унтдаг бол ) мэдрэлийн ядаргаанд орно гэж байх уу? 

Бүүр эсвэл нэг гаргалгаа байнаа, тэр нь их инээдэмтэй. Саявтархан нэг зүйл олж мэдлээ, дэлхийн алдартай, баян, нэр хүндтэй хүмүүс нууц бүлгэм маягийн зүйлд элссэн байдаг, тэр нь цаанаа шашны, тэр дундаа ад зэтгэртэй холбоотой зан үйл хийж, хар хүчийг ашиглан гишүүдээ нэр алдарт хүргэдэг юм байх. Бидний мэдэх ихэнх "од"-ууд тэр бүлгэмд элсэж, хар хүчийг ашиглан алдаршсан байдаг гэнээ. Тэр талаар уншиж судалснаас хойш л ийм сонин гутранги, ноомой байдал эхэлсэн юм. Миний сэтгэл зүй тийм эмзэг байгаад тэр мэдээлэл тэгтлээ нөлөөлсөн юм болов уу? Ер нь сөрөг муу мэдлэг мэдээлэл хүнд сайн энерги өгдөггүй л байх л даа. 

Найз нартайгаа сайхан инээж ханиагаад..... хөдөө гадаа зугаалаад сэтгэлээ сэргээчихвэл ч...... болчихмоор ч юм шиг. 
(Ер нь дотроо байгаа бодлуудаа ингэж гаргах бас их хэрэгтэй арга шиг байнаа. Блогоо идэвхтэйгээр бичиж байя даа.)

Өөдрөг занг худалдаж авч болохгүй ч,  миний дотор үнэгүй байж л байгаа шүү дээ... Өөрийгөө эмчлэх аянаа үргэлжлүүлье дээ...





Monday, February 24, 2014

Аз жаргалын тухай


Хүн аз жаргалтай байх эсэх нь зөвхөн өөрөөс нь шалтгаалдаг...
 
 Аз жаргалтай байх нь ухаантай байхын нэр юм...


Хэдий мэддэг ч амархан мартдаг үгс энэ дээ. Хүн өөрийгөө ямар их азтай, аз жаргалтай хүн болохоо байнга өөртөө сануулж байх хэрэгтэй юм даг аа. Тэгэхгүй бол өөрт байгаа цорын ганц асуудлаа бодон шаналсаар, зөвхөн тэр шалтгаан дээрээ бүх оюун ухаанаа төвлөрүүлсэнээр томоор сэтгэхээ байж өөрт байгаа бусад давуу талуудаа бүгдийг нь үл тоомсорлон орхидог юм байна.

Аз жаргалтай байхын тулд дараах 10 зүйлийг хэрэгжүүлж байвал бие болон сэтгэл санааны хувьд урт хугацааны аз жаргалыг мэдэрдэг гэнэ. 

1. Тогтмол дасгал хийх - дасгал хийхэд аз жаргалын гормон болох эндорфин ялгардаг 
2. Хангалттай унтаж байх - унтаж амарсан үед сөрөг бодолд автах нь багасдаг
3. Ажилдаа ойрхон гэртэй болох - тээвэрт хугацаа хэмнэх нь том байртай болохоос илүү чухал
4. Гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх - хүмүүсийн насны эцэст хийгээгүйдээ харамсдаг 5 зүйлийн нэг гэнэ
5. Гадаа гарах - 13,9 градуст хүн хамгийн их сэтгэл сэргэдэг
6. Бусдад туслах - долоо хоногт 100 цаг зарцуулахад тохиромжтой 
7. Инээмсэглэх - инээмсэглэл өвчин намдаадаг 
8. Аялал төлөвлөх - зүгээр төлөвлөх нь жинхэнэ аяллаасаа дутахааргүй таашаал мэдрүүлдэг 
9. Бясалгал хийх- бясалгал хийснээр тархины бүтцэд өөрчлөлт ордог
10. Бүх зүйлд талархалтай хандах - аз жаргал, амьдралын сэтгэл ханамж нэмэгдэнэ
 
  Энэ нь гадаадын нэг блог дээрээс авсан жагсаалт юм, шинжлэх ухааны үндэстэйгээр тайлбарласан байсан нь их таалагдсан. Дараа бүрэн эхээр нь орчуулж оруулнаа. Харин энэ удаад 10 дахь зөвлөгөөний дагуу талархаж явдаг зүйлсээ бичихээр шийдлээ.

- Эрүүл, эрхтэн бүтэн, ухаан саруул төрсөндөө баярлаж явдаг
- Хүнээс дутахгүй царай зүс, бие хаатай төрсөндөө баярладаг
- Хангалттай цалин хөлс өгдөг ажилтайдаа баярладаг
- Сайн нөхөр, сайхан үртэйдээ, гэр бүлийнхэн, аав ээжүүд маань эрүүл, элэг бүтэн байгаад баярладаг
- Зовсон, төөрөлдсөн үедээ ярих үе тэнгийн, үй зайгүй эгч, дүүтэйдээ баярладаг
- Төрснөөс өөрцгүй дотно хоёр найзтайдаа баярладаг
- Боломжийн хэмжээнд сэтгэчихдэг тархи, оюун ухаантайдаа баярладаг
- Юу хүссэнээ хийх боломж, нөхцөл, орчин байгаад талархдаг(гар, хөл, нүд, чих, мэдрэмжүүд, эд хөрөнгө, эд хөрөнгийг бий болгох чадвар, чадвараа хөгжүүлэх боломж байгаад баярладаг)
- Бусдын эрхшээлд биш, өөрийн тааваар амьдардаг эх оронд төрсөндөө баярладаг
- Хаана амьдрах, яаж амьдрах, юу хэрэглэхээ сонгох эрхтэй байгаадаа баярладаг

 Ингээд бодохлээр би гэдэг хүн дэлхий дээрх ихэнх хүнээс илүү аз жаргалтай хүн болж таарч байгаа юм даа. Аз жаргал холын холд биш дэргэд чинь байдаг гэдэг энэ дээ. Аз жаргалтай хүн бусдад бас аз жаргалыг түгээж байдаг. Тиймээс бид зөвхөн өөрийн төлөө бус, хайртай хүмүүсийнхээ төлөө "аз жаргалын булчингаа хөгжүүлэх" хэрэгтэй юм байна даа. 

Амьдралыг чи алтаар үнэлбэл
Амьдрал, чамайг алтаар мялаана
Эс тоож, сохор зоос шиг хандвал
Эргээд, амьдрал чамайг бас
Элсний ширхэг гэж үзээд үлээчихнэ...гэдэг дээ

Tuesday, January 7, 2014

Хүний мөс чанар

Саяхан нэг найз маань явган хүний гарцаар зам гарч явсан хүнийг машинаараа мөргөөд хөлийг нь гэмтээсэн явдал боллоо. Тэр явдалд миний болон бусад хүмүүсийн үзүүлсэн хариу үйлдэл(реакц) надад нэгийг бодогдууллаа.

Юу гэхлээр би мэдээж эхлээд сандарч, санаа зовнисон боловч яг дайруулсан хүнд санаа зовсон уу, эсвэл найздаа санаа зовсон уу гэдгээ хэлж мэдэхгүй байна. Онцгой хүнд бэртээгүй, яс нь хугараагүй гэсэн мэдээ сонссоны дараа олон бодлууд толгойд орж ирж байсны дунд энэ хүн хэр их мөнгө нэхэх бол, худлаа ярьж баахан эмчилгээний болон сэтгэл санааны нөхөн төлбөр шаардах вий гэсэн хардлага төрж байлаа. Нөхөр маань бас надтай адил зүйл бодож байгаагаа хэлсэн юм. Гэтэл тэр мэдээг сонссон миний аав, ээжүүд бүгд дайруулсан хүнд санаа зовж яаж эмчилгээ, тусламж үзүүлэх талаар л ярьж байсан нь намайг өнөөгийн залуу хүмүүсийн мөс чанар муудсан юмуу гэсэн бодолд хүргэлээ. Нас явах тусам хүн уян зөөлөн болдог гэж ярьдаг, бас өнөөгийн нийгэмд хүмүүсээс элдэв муу санаа их гарах болсон тул өөрийн эрхгүй сөрөг хандлага, хардалт төрж байж мэдэх юм гэж бас өөрийгөө зөвтгөж болох ч юм шиг...

Тэгэхээр хүний мөсийг муутгаж байгаа нийгэм буруутай юу, эсвэл нийгмийг бүрдүүлж байгаа хүн бид өөрсдөө сэтгэлээ ариун байлгах тал дээр анхаарах хэрэгтэй юу?