Wednesday, August 26, 2015

Дахиад эргэлзэж эхлэв...

  Нөгөө сүрхий тусдаа гардаг баатар чинь дахиад л эргэлзээд эхэллээ.

Энэ удаад л би чадна гээд, зүрх зоригоо бат чангалчихаад байсан чинь сүүлдээ больдог ч юмуу гэж бодоод эхлэхийн. Аль алиных нь давуу, сул талуудыг жагсааж үзлээ. Мэдээж хэрэг Тусдаа гарах нь давуу тал ихтэй, сул тал багатай юм. Бас тэнгэр бурхан хүртэл зөвшөөрөл өгч эхэлсэн шиг надад санагдаад, одоо би дөргүй бух шиг зүтгэвэл хэн ч хорьж дийлэхгүй болсон мэт санагдана.

Тэгсэн атлаа л ямар нэг хүч намайг шийдвэрээ буцаахыг ятгаад, чиглүүлээд байх шиг. Нөхөр ном уншуулчихсан юм болов уу? Эсвэл хадам ээжийг сэнхрүүлээд, миний аясаар байгаарай гэж ятгасан юм болов уу, сүүлийн үед хадам их л аясаар байгаад байх шиг. Бас хадам ахыг түргэхэн байраа олоод гар гэсэн бололтой, байнга л шинэ байрны зар харж суух болж. Хадам ах гараад, хадам ээж миний аясаар байгаад байвал ч өөр бусад асуудал нь тэвчээд байж болохоор л санагдаад явчихлаа. Гэхдээ л яг цагаа тулахаар "ТУСДАА ГАРАХ МИНЬ ЯААВ ДААА" гэж хашгирах үе ирэх вий гэж айж л байна. Ингээд л ацан шалаанд орчихлоо. Эртхэн шийдвэрээ гаргаж, түрээслэгчиддээ хэлэх хэрэгтэй байдаг. Бас тэр шийдвэрээс машинаа зарах эсэх хамаарна.

Уг нь шинэ байрандаа юу юу авах, яаж тохижуулах талаар бодож тооцоод, боломжийн л юм байна гэж дүгнэсэн. Орц нь нарийн, харанхуй, бас өндөр давхарт байдаг; хадам ээж ганцаардана гэсэн цөөн хэдэн л сөрөг тал байгаа юм. Хадам ээжийн ганцаардал тэхдээ маш жин ихтэй сөрөг тал байгаад байх шиг. Өчигдөр Тулгаа ахтай ярьж байгаад нэг зүйлийг ойлголоо. Оройтож гарсан хүүхдүүд эцэг, эхтэйгээ илүү дотно, салж хагацахгүй барилдлагатай болчихдог юм байна гэж. Тэгэхээр нэг жил гэдэг Отгоогийн хувьд удаан, хүнд санагдах нь аргагүй бололтой. Зөвхөн өөрийнхөө тав тухыг бодоод байна гэж үзэж байсан маань бас буруу бололтой.

Ингээд л бичиж байх явцад нэг шийдэл, мэргэн санаа ороод ирдэг сэн. Энэ удаад бүр таг байх чинь...

Машинаа зараад, Үнэгүй.мн-ээс хямд тавилгууд аваад, байраа хөнгөхөн засаад орчихвол болох л юм. Оёж шидэх, хүүхдээ тоглуулах, хөгжүүлэх, өөрийнхөөрөө хүмүүжүүлэхэд бол тусдаа амьдрал илүү тохиромжтой. Найзуудаа, эгч дүүсээ авчрах, урилгагүй зочдоос зугтах гэсэн давуу талууд бий. Хүссэн үедээ кино үзэж, хөгжим сонсож, нүцгэн шалдан гүйж, тавилгаа хүссэнээрээ байрлуулж, дурын хоолоо хийж иднэ. Үүрээд тоглох, зураг зурах тохирсон талбай бэлдээд, номуудыг нь цэгцтэй байрлуулж өгнө. Эрт унтуулж сургана.

Нөгөө талаас өдөр болгон хоёр удаа хоол хийнэ, гэр цэвэрлэж, хувцас угаана. Гарч орохдоо байнга хүүхэдтэйгээ. Өглөө эрт босож хүүхдээ хүргэж өгнө. Энэ хэцүү талууд нь тэхдээ яаж ч бодсон давуу талуудтайгаа өрсөлдөж чадахгүй байгаам л даа.

Ингээд дэнслээд бодохоор бол шууд л "Тусдаа гарах!" гэсэн шийдвэрт хүргээд байгаа юм. Тэгсэн хирнээ миний дотроос нэг хоолой, эсвэл Отгоогийн илгээсэн шившлэг ч юмуу нөгөө замыг сонгуулах гээд үзээд байна. Бусдын шившлэгийг бус, өөрийн мэдрэмжээ л дагахсан.



Sunday, June 28, 2015

Жирмээ хүүхний бодлууд болон өнөөх л хадмын асуудлууд

Энэ блогтоо бичилгүй их удчихжээ. Ихэнхдээ сэтгэл тавгүй үедээ бичдэгээ бодохоор ойрын үед гайгүй тайван байсан бололтой юмаа.

Өнөөдөр ч тавгүйрхсэндээ бичиж байгаа юм биш ээ... За яахав багахан зэргийн тавгүйрхэл байсныг нуугаад яахав. Гол нь дотоод сэтгэлээ өөртэйгээ хуваалцаж, эргэцүүлэн, дүн шинжилгээ хиймээр санагдлаа гэнэт...

Жирэмсний 4-5 сартай байгаа миний хувьд бодох, зовних, хүсэх, төлөвлөх зүйлс бишгүй л байна. Гэхдээ энгийн үетэйгээ харьцуулахад уурлах, түгших, сэтгэлээр унах зэрэг мэдрэмжүүд цөөн төрж байгаа нь өмнөх ч, энэ ч жирэмслэлт дээр анзаарагдаж байна. Надад лав тайвшруулах гормон сайн ялгардаг бололтой юм (Зарим хүнд бол жирэмслэлт бүх эсрэгээр нөлөөлдөг гэж байсан). Энэ бол жирэмслэлтийн надад үзүүлдэг сайн нөлөө. Аа харин нэг муу нөлөө гэвэл идэвхгүй, унтаа байдалтай болчихдог. Угийн даруу, дуугай, намбалагаараа алдартай над шиг хүнд бол тэр нь илүүдээд л байгаам даа. Заримдаа хүнтэй ярих, харьцахаас ч зугтмаар болох. Хүнтэй ярьсан ч үг, ярианы сэдэв улам цөөрчихсөн юм шиг санагдах. Ямар сайндаа өдрийн завсарлагаанаар ганцаараа салхилж зогсохдоо өөртөө дүгнэлт хийлээ. Зожиг болоод л ингэж зогсоо доо гэж. Тэгсэнээ цэлмэг тэнгэр, сэвшээ салхи, навч цэцэгсийг харж сэтгэлээ сэргээнгээ надад Нараа, Навчаа, Цэцгээ гээд олон найз байна дөө гэж өөрийгөө өмөөрлөө.

Заа тэр бяцхан зовнилууд яах вээ. Бяцхан үрээ эрүүл саруул өлгийдөөд л авчихвал...
Өнөөдөр гэхдээ бусад өдрөөс нэг л өөр гутранги байх чинь. Хагас бүтнээр сайн л амарсан даа. Иймэрхүү дэмий бодлууд ойрдоо ер тогтохгүй, хормын төдийд ууршиж алга болоод байсан юмсан...

Саяхан нэг хүн ингэж хэлнэ лээ: "Шидтэн ирээд нэг хүслийг чинь биелүүлье" гэвэл юу хүсэх вэ гэхэд нь "Хүн бүрт өөрт байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байх боломж байдаг. Өөрт байгаа тэр сайх сайхан бүхнээ олж харах билгийн нүдийг нь хүмүүст нээж өгмөөр байна" гэж. Үнэхээр л урам зориг, эрч хүчээр дүүрэн үедээ хүн ямар ч дундуур саваа дүүрэн гэж хардаг мөртлөө гутарч гунисан үедээ дүүрэн саваа ч дундуур гэж голж эхэлдэг. Тэрэн шиг би одоогийн амьдралаа ямар өнцгөөр харж байгаагаа анзаарч үзлээ. Байгаа жаргалаа харахгүй билгийн нүдээ аньчихаад байгаан биш биз гэж...

Хадмуудаасаа тусдаа амьдрахсан гэсэн хүслийг олон жил тээж ирлээ, одоо л нэг биелүүлье гэж зүтгэж үзлээ. Бас л эсэргүүцэлтэй тулгарлаа. Энэ удаад намайг ойлгож дэмжих, зөв гэж миний талд зогсох хүн урьднаасаа ч цөөрсөн байх юм. Ганцаараа үлдсэн хадам ээжийгээ орхиж яаж болох вэ л гэсэн үндэслэл байх шиг байна. Гэтэл миний 4 жил хүлээсэн нөр их тэвчээр, хүлээлт шагнагдах цаг нь болсон мэт. Жирэмсний гормоны ачаар энэ сэдвээс үүдэх бухимдал маань харьцангуй бага байгаа ч төрсний дараа гэнэт огцом ихсэх байх гэсэн аюул бодитойгоор оршиж байгаа. Амьдрал тэгширнэ гэж байдаггүй гэлцдэг. Тэгширдэггүй юм гэхэд арай өөр тийшээ хазайж болох биш үү? Нэг л асуудлаас болж удаан шаналах, эсвэл өөр асуудалд шилжих хоёрын хооронд ялгаа байх болов уу яадаг бол...?

Ингээд л хариулж чадахгүй асуултууд гарч ирээд байдаг юм. Гэхдээ би ингэж эргэцүүлэх дуртай. Хэзээ нэгэн цагт иймэрхүү асуултууддаа хариу олж авдаг болохоор тэр. Хүн бодож сэтгэхгүй л бол сармагчингаас өөрцгүй гэдэг байх аа..

Энэ удаад амьдралаа тэгшитгэх гээд үзээд алдмаар байнаа. Өөр нэг хүний тэгш байсан амьдрал илүүмурийж ирэх байсан ч хамаагүй. Тэр хүний тэгш амьдралын төлөө би 4 жил хүслээ тэвчиж ирсэн шүү дээ. Ядаж нэг жилийн чөлөө хүсэх эрх надад байгаа гэж бодох юм. Ингээд бодохоор билгийн нүдтэй нүдгүй бодит байдал намайг зоригтой алхам хий гэж хэлээд байх шиг. Байгаадаа сэтгэл хангалуун байхыг 4 жил хичээсэн, одоо нэгэнт байхгүй байгаа зүйл маань л надад хамгийн их хэрэгтэй зүйл маань гэдэг нь тодорхой болсон байна. Тусдаа гарч амьдарсанаар олон ачаа нуруун дээр маань ирнэ, олон асуудлууд шинээр гарч ирнэ, тэдгээр нь миний олж байгаа жаргалыг маань дэнсэлж тэнцүүлж чадах ч юм шиг санагдаад л байгаа юм. Эсвэл бурхан тэрнээс илүү их төлбөр надаас хүсээд байгаан болуу? Эсвэл илүү их хичээл чармайлт хүсэж байж мэднэ. Хичээл зүтгэлийн үр дүнд л аз жаргал, амжилт, сайн сайхан ирдэг л дээ угаасаа. Яаж, юун дээр хичээх хэрэгтэйгээ бодъё!!! Хэний төлөө хичээх хэрэгтэйгээ ч бодъё. Зөвхөн надад бус, бусдад ч сайхан байх тэр л замыг эрж олъё! "Чи жаргаж би зовсон, одоо би жаргая, чи зов" гэж хэлснээс "Хоёулаа жаргая" гэж хэлвэл зөвшөөрөхөд хамаагүй амар байна шүү дээ. Яагаад урьд нь ингэж бодож байгаагүй юм бол? Бодсон ч гэсэн биелүүлж чадна гэдэгтээ итгэлгүй байсан байх. Харин одоо бол итгэж байна. 4 жилд олж авсан ухаарал маань хангалттай хүрэлцэнэ гэж бодож байна.

Амжилт, жирмээ бүсгүй минь! "Хувь заяа миний өөрийн гарт бий"(18-хан настайдаа ингэж бичээд япон явж байсан хүн шүү дээ би чинь!!!)...

Thursday, February 12, 2015

Аз жаргалтай байх нэг чухал түлхүүр

  Хүн бүхэн аз жаргалтай байхыг эрэлхийлж байдаг. Гэхдээ тэд аз жаргалыг бүгд өөрийнхөөрөө төсөөлдөг. Нэг хүний хувьд тайван амьдралыг хүсдэг байхад нөгөө нэг нь байнгын хөдөлгөөнд байхыг хүсэмжилнэ. Нэг хүн баян болвол л аз жаргалтай болно гэж бодож байхад нөгөө нэг нь үр хүүхэд л байвал болно гэж бодно.

  Бас хүний амьдралд сайн муу, жаргал зовлон байнга ээлжилж байх учиртай гэдэгт би итгэдэг. Тийм болохоор өнөөдөр надад хэцүү байлаа ч маргааш сайхан өдөр болно гэж би өөрийгөө тайвшруулдаг. Харин сайхан байх үедээ муу өдрийн талаар бодохгүйг хичээдэг ч тийм өдөр ирэхэд бэлтгэлтэй байхыг боддог. Сэтгэлзүйн бэлтгэлтэй үед ямар ч хүнд байдлыг даван туулахад амар болдог шүү дээ.

  Нэг хүн надад хуриман дээр маань "Жаргалтай амьдрал гэж байдаггүй, жаргалтай өдрүүд л гэж байдаг юм шүү" гэж хэлж билээ. Хуримын уур амьсгалд жаахан тохироогүй үг байж болох ч амьдралд маань үнэхээр хэрэгтэй үг хэлсэн шүү гэж баярлаж явдаг юм. Хүн 24 цагийн турш, 365 хоногийн турш байнгын аз жаргалтай байх боломжгүй, тийм байхаар заяагдаагүй. Зовлон байж гэмээнэ жаргалын амтыг мэдэрч чаддаг гэдэг. Хүн хэзээ ч зовдоггүй байсан бол жаргалтай байна гэдгээ мэдэрч чадахгүй байсан биз ээ. Тэгэхээр аз жаргал гэдэг мэдрэмжийг хаашдаа авч чадахгүй болчих нь байна шүү дээ.

За тэгвэл хүн амьдралынхаа хэдэн хувьд зовж, хэдэн хувьд жаргах ёстой вэ? Тэрийгээ харин хүн өөрөө сонгож болдог гэдгийг би мэддэггүй байлаа. Тийм ээ, үнэхээр сонгож болдог юм байна.
"Бурхан ч сэтгэлээс гардаг, Буг ч сэтгэлээс бүтдэг" гэж Данзанравжаа хэлж байжээ. Өөрөөр хэлбэл хүн өөрөө аливаа зүйлийг яаж харж байгаагаас, хэрхэн хандаж байгаагаас их зүйл шалтгаалдаг. Жишээ нь та өглөө ажилдаа явахдаа ямар хэцүү юм бэ, яаж энэ өдрийг өнгөрөөнөө гэж боддог байг. Дарга чинь таны өдрийг там болгодог байж болох юм. Гэхдээ та ажил хайж, хоногийн хоолоо олж ядаж байгаа нэгнээс хамаагүй илүү жаргалтай. Юм бүхэн харьцангуй тул аль өнцгөөс нь харахаас жаргал, зовлон шийдэгддэг. Тэгэхээр өөрт байгаа зүйлсээ, амьдралаа өөр өнцгөөр харах замаар аз жаргалтай мөчүүдээ нэмэх боломжтой гэж би хэлэх гээд байна.

Гэхдээ мэдээж хайртай хүнээ алдах гэх мэт үнэхээр зугташгүй зовлон байдаг. Тийм зовлонг аль ч өнцгөөс нь хараад нэмэргүй мэт боловч зовлон болгон хүнийг хурцалдаг, бас цааш алхах итгэл найдварыг хэзээд л үлдээдэг гэж би итгэдэг.

Энэ удаад гэхдээ би хандлагаа өөрчилж аз жаргалтай байх тухай бус, зорилготой болж аз жаргалыг мэдрэхийн тухай бичих гэсэн юмаа. Оршил нь арай л урт болчих шиг боллоо...

---Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино.--- Чингис хаан

Хүний амьдралд зорилго ямар чухал болохыг би урьд нь мэдэрч байсан хэдий ч цагийн аясаар мартагнаад, үл тоомсорлодог болсон байж. Зорилго гэдэг үгийн цаана хүсэл, мөрөөдөл, тэмүүлэл зэргийг багтааж байгаа юм шүү. Би амьдралдаа олон л зорилго өөд тэмүүлж, олныг нь ч биелүүлж явж. Хүүхэд нас ялангуяа хүсэл мөрөөдөлгүй байна гэж үгүй, тиймдээ ч байнга аз жаргалтай байдаг бололтой юм. Өнөөг хүртэл нэг мөрөөдлөөс нөгөөгийн хооронд дүүлэж явснаас биш, сүүлийн үед зорилгогүйгээр хэсэг амьдарсаныхаа дараа л зорилгогүй амьдрал ямар гунигтай байдгийг андаарч л дээ янз нь. Гэр бүл, ажил гээд амьдралын бүх талбар маань тогтож томоожсон хирнээ ямар нэг зүйл л дутаад байсан, юу гэдгийг нь оноож чадахгүй хэсэг явлаа. Ямар нэг эрч хүч, дотоод хөдөлгөгч хүч дутагдаад байгааг л мэдрээд байсан. Харин одоо тэрийгээ олж авсан гэж бодож байна. Ирээдүйд ийм ажил хийдэг болно гэсэн нэгэн том зорилго өмнөө тависнаас хойш ямар их эрч хүч, баяр жаргалыг мэдэрч байнаа би! Хамгийн гол нь тэр зорилго маань миний хүсэл сонирхолыг хамарч байгаа болохоор тэр байж мэдэх юм. Хар багаасаа сонирхож ирсэн мэргэжлээрээ ажиллаж чадалгүй явсаар өдий хүрсэн, цаашид ч хийж чадахгүй гэж боддог болсон байлаа. Гэтэл цаг хугацааны тохироо нь бүрдэв үү, миний ухаан мэдлэг тэлсэнийх үү, тэр мэргэжлээ ашиглах тун таатай боломжийг олж харлаа. Мэдээж амархан ажил гэж байдаггүй тул нэлээд их хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардах хэдий ч хүсэл сонирхлоо дагаж байгаа тул ямар ч бэрхшээлийг давна гэсэн итгэлтэйгээр урагшилж байна. Аз жаргалын нэгэн чухал түлхүүр бол ЗОРИЛГО юм байна шүү, залуус аа! Энийг уншиж байгаа нэг ч болов залуу хүнд миний энэ ухаарал сургамж болох болтугай. Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино. Их хаан маань их ухаанаар энийг хэлсэн нь дамжиггүй. Үнэхээр ч ойрын жижиг зовлон холын том зорилгын маань хүчээр хэрхэн замхран алга болж байгааг өдөр тутам би ажиглах боллоо. Маргааш би огт өөр газар байх тул өнөөдрийн энэ асуудал яах вээ гэж эрч хүчтэйгээр, итгэлтэйгээр урагшлах ямар сайхан байна гээч!!!

Танд аз жаргалтай, ЗОРИЛГОТОЙ амьдралыг хүсэн ерөөе!