Thursday, February 12, 2015

Аз жаргалтай байх нэг чухал түлхүүр

  Хүн бүхэн аз жаргалтай байхыг эрэлхийлж байдаг. Гэхдээ тэд аз жаргалыг бүгд өөрийнхөөрөө төсөөлдөг. Нэг хүний хувьд тайван амьдралыг хүсдэг байхад нөгөө нэг нь байнгын хөдөлгөөнд байхыг хүсэмжилнэ. Нэг хүн баян болвол л аз жаргалтай болно гэж бодож байхад нөгөө нэг нь үр хүүхэд л байвал болно гэж бодно.

  Бас хүний амьдралд сайн муу, жаргал зовлон байнга ээлжилж байх учиртай гэдэгт би итгэдэг. Тийм болохоор өнөөдөр надад хэцүү байлаа ч маргааш сайхан өдөр болно гэж би өөрийгөө тайвшруулдаг. Харин сайхан байх үедээ муу өдрийн талаар бодохгүйг хичээдэг ч тийм өдөр ирэхэд бэлтгэлтэй байхыг боддог. Сэтгэлзүйн бэлтгэлтэй үед ямар ч хүнд байдлыг даван туулахад амар болдог шүү дээ.

  Нэг хүн надад хуриман дээр маань "Жаргалтай амьдрал гэж байдаггүй, жаргалтай өдрүүд л гэж байдаг юм шүү" гэж хэлж билээ. Хуримын уур амьсгалд жаахан тохироогүй үг байж болох ч амьдралд маань үнэхээр хэрэгтэй үг хэлсэн шүү гэж баярлаж явдаг юм. Хүн 24 цагийн турш, 365 хоногийн турш байнгын аз жаргалтай байх боломжгүй, тийм байхаар заяагдаагүй. Зовлон байж гэмээнэ жаргалын амтыг мэдэрч чаддаг гэдэг. Хүн хэзээ ч зовдоггүй байсан бол жаргалтай байна гэдгээ мэдэрч чадахгүй байсан биз ээ. Тэгэхээр аз жаргал гэдэг мэдрэмжийг хаашдаа авч чадахгүй болчих нь байна шүү дээ.

За тэгвэл хүн амьдралынхаа хэдэн хувьд зовж, хэдэн хувьд жаргах ёстой вэ? Тэрийгээ харин хүн өөрөө сонгож болдог гэдгийг би мэддэггүй байлаа. Тийм ээ, үнэхээр сонгож болдог юм байна.
"Бурхан ч сэтгэлээс гардаг, Буг ч сэтгэлээс бүтдэг" гэж Данзанравжаа хэлж байжээ. Өөрөөр хэлбэл хүн өөрөө аливаа зүйлийг яаж харж байгаагаас, хэрхэн хандаж байгаагаас их зүйл шалтгаалдаг. Жишээ нь та өглөө ажилдаа явахдаа ямар хэцүү юм бэ, яаж энэ өдрийг өнгөрөөнөө гэж боддог байг. Дарга чинь таны өдрийг там болгодог байж болох юм. Гэхдээ та ажил хайж, хоногийн хоолоо олж ядаж байгаа нэгнээс хамаагүй илүү жаргалтай. Юм бүхэн харьцангуй тул аль өнцгөөс нь харахаас жаргал, зовлон шийдэгддэг. Тэгэхээр өөрт байгаа зүйлсээ, амьдралаа өөр өнцгөөр харах замаар аз жаргалтай мөчүүдээ нэмэх боломжтой гэж би хэлэх гээд байна.

Гэхдээ мэдээж хайртай хүнээ алдах гэх мэт үнэхээр зугташгүй зовлон байдаг. Тийм зовлонг аль ч өнцгөөс нь хараад нэмэргүй мэт боловч зовлон болгон хүнийг хурцалдаг, бас цааш алхах итгэл найдварыг хэзээд л үлдээдэг гэж би итгэдэг.

Энэ удаад гэхдээ би хандлагаа өөрчилж аз жаргалтай байх тухай бус, зорилготой болж аз жаргалыг мэдрэхийн тухай бичих гэсэн юмаа. Оршил нь арай л урт болчих шиг боллоо...

---Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино.--- Чингис хаан

Хүний амьдралд зорилго ямар чухал болохыг би урьд нь мэдэрч байсан хэдий ч цагийн аясаар мартагнаад, үл тоомсорлодог болсон байж. Зорилго гэдэг үгийн цаана хүсэл, мөрөөдөл, тэмүүлэл зэргийг багтааж байгаа юм шүү. Би амьдралдаа олон л зорилго өөд тэмүүлж, олныг нь ч биелүүлж явж. Хүүхэд нас ялангуяа хүсэл мөрөөдөлгүй байна гэж үгүй, тиймдээ ч байнга аз жаргалтай байдаг бололтой юм. Өнөөг хүртэл нэг мөрөөдлөөс нөгөөгийн хооронд дүүлэж явснаас биш, сүүлийн үед зорилгогүйгээр хэсэг амьдарсаныхаа дараа л зорилгогүй амьдрал ямар гунигтай байдгийг андаарч л дээ янз нь. Гэр бүл, ажил гээд амьдралын бүх талбар маань тогтож томоожсон хирнээ ямар нэг зүйл л дутаад байсан, юу гэдгийг нь оноож чадахгүй хэсэг явлаа. Ямар нэг эрч хүч, дотоод хөдөлгөгч хүч дутагдаад байгааг л мэдрээд байсан. Харин одоо тэрийгээ олж авсан гэж бодож байна. Ирээдүйд ийм ажил хийдэг болно гэсэн нэгэн том зорилго өмнөө тависнаас хойш ямар их эрч хүч, баяр жаргалыг мэдэрч байнаа би! Хамгийн гол нь тэр зорилго маань миний хүсэл сонирхолыг хамарч байгаа болохоор тэр байж мэдэх юм. Хар багаасаа сонирхож ирсэн мэргэжлээрээ ажиллаж чадалгүй явсаар өдий хүрсэн, цаашид ч хийж чадахгүй гэж боддог болсон байлаа. Гэтэл цаг хугацааны тохироо нь бүрдэв үү, миний ухаан мэдлэг тэлсэнийх үү, тэр мэргэжлээ ашиглах тун таатай боломжийг олж харлаа. Мэдээж амархан ажил гэж байдаггүй тул нэлээд их хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардах хэдий ч хүсэл сонирхлоо дагаж байгаа тул ямар ч бэрхшээлийг давна гэсэн итгэлтэйгээр урагшилж байна. Аз жаргалын нэгэн чухал түлхүүр бол ЗОРИЛГО юм байна шүү, залуус аа! Энийг уншиж байгаа нэг ч болов залуу хүнд миний энэ ухаарал сургамж болох болтугай. Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино. Их хаан маань их ухаанаар энийг хэлсэн нь дамжиггүй. Үнэхээр ч ойрын жижиг зовлон холын том зорилгын маань хүчээр хэрхэн замхран алга болж байгааг өдөр тутам би ажиглах боллоо. Маргааш би огт өөр газар байх тул өнөөдрийн энэ асуудал яах вээ гэж эрч хүчтэйгээр, итгэлтэйгээр урагшлах ямар сайхан байна гээч!!!

Танд аз жаргалтай, ЗОРИЛГОТОЙ амьдралыг хүсэн ерөөе!

No comments:

Post a Comment