Sunday, June 28, 2015

Жирмээ хүүхний бодлууд болон өнөөх л хадмын асуудлууд

Энэ блогтоо бичилгүй их удчихжээ. Ихэнхдээ сэтгэл тавгүй үедээ бичдэгээ бодохоор ойрын үед гайгүй тайван байсан бололтой юмаа.

Өнөөдөр ч тавгүйрхсэндээ бичиж байгаа юм биш ээ... За яахав багахан зэргийн тавгүйрхэл байсныг нуугаад яахав. Гол нь дотоод сэтгэлээ өөртэйгээ хуваалцаж, эргэцүүлэн, дүн шинжилгээ хиймээр санагдлаа гэнэт...

Жирэмсний 4-5 сартай байгаа миний хувьд бодох, зовних, хүсэх, төлөвлөх зүйлс бишгүй л байна. Гэхдээ энгийн үетэйгээ харьцуулахад уурлах, түгших, сэтгэлээр унах зэрэг мэдрэмжүүд цөөн төрж байгаа нь өмнөх ч, энэ ч жирэмслэлт дээр анзаарагдаж байна. Надад лав тайвшруулах гормон сайн ялгардаг бололтой юм (Зарим хүнд бол жирэмслэлт бүх эсрэгээр нөлөөлдөг гэж байсан). Энэ бол жирэмслэлтийн надад үзүүлдэг сайн нөлөө. Аа харин нэг муу нөлөө гэвэл идэвхгүй, унтаа байдалтай болчихдог. Угийн даруу, дуугай, намбалагаараа алдартай над шиг хүнд бол тэр нь илүүдээд л байгаам даа. Заримдаа хүнтэй ярих, харьцахаас ч зугтмаар болох. Хүнтэй ярьсан ч үг, ярианы сэдэв улам цөөрчихсөн юм шиг санагдах. Ямар сайндаа өдрийн завсарлагаанаар ганцаараа салхилж зогсохдоо өөртөө дүгнэлт хийлээ. Зожиг болоод л ингэж зогсоо доо гэж. Тэгсэнээ цэлмэг тэнгэр, сэвшээ салхи, навч цэцэгсийг харж сэтгэлээ сэргээнгээ надад Нараа, Навчаа, Цэцгээ гээд олон найз байна дөө гэж өөрийгөө өмөөрлөө.

Заа тэр бяцхан зовнилууд яах вээ. Бяцхан үрээ эрүүл саруул өлгийдөөд л авчихвал...
Өнөөдөр гэхдээ бусад өдрөөс нэг л өөр гутранги байх чинь. Хагас бүтнээр сайн л амарсан даа. Иймэрхүү дэмий бодлууд ойрдоо ер тогтохгүй, хормын төдийд ууршиж алга болоод байсан юмсан...

Саяхан нэг хүн ингэж хэлнэ лээ: "Шидтэн ирээд нэг хүслийг чинь биелүүлье" гэвэл юу хүсэх вэ гэхэд нь "Хүн бүрт өөрт байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байх боломж байдаг. Өөрт байгаа тэр сайх сайхан бүхнээ олж харах билгийн нүдийг нь хүмүүст нээж өгмөөр байна" гэж. Үнэхээр л урам зориг, эрч хүчээр дүүрэн үедээ хүн ямар ч дундуур саваа дүүрэн гэж хардаг мөртлөө гутарч гунисан үедээ дүүрэн саваа ч дундуур гэж голж эхэлдэг. Тэрэн шиг би одоогийн амьдралаа ямар өнцгөөр харж байгаагаа анзаарч үзлээ. Байгаа жаргалаа харахгүй билгийн нүдээ аньчихаад байгаан биш биз гэж...

Хадмуудаасаа тусдаа амьдрахсан гэсэн хүслийг олон жил тээж ирлээ, одоо л нэг биелүүлье гэж зүтгэж үзлээ. Бас л эсэргүүцэлтэй тулгарлаа. Энэ удаад намайг ойлгож дэмжих, зөв гэж миний талд зогсох хүн урьднаасаа ч цөөрсөн байх юм. Ганцаараа үлдсэн хадам ээжийгээ орхиж яаж болох вэ л гэсэн үндэслэл байх шиг байна. Гэтэл миний 4 жил хүлээсэн нөр их тэвчээр, хүлээлт шагнагдах цаг нь болсон мэт. Жирэмсний гормоны ачаар энэ сэдвээс үүдэх бухимдал маань харьцангуй бага байгаа ч төрсний дараа гэнэт огцом ихсэх байх гэсэн аюул бодитойгоор оршиж байгаа. Амьдрал тэгширнэ гэж байдаггүй гэлцдэг. Тэгширдэггүй юм гэхэд арай өөр тийшээ хазайж болох биш үү? Нэг л асуудлаас болж удаан шаналах, эсвэл өөр асуудалд шилжих хоёрын хооронд ялгаа байх болов уу яадаг бол...?

Ингээд л хариулж чадахгүй асуултууд гарч ирээд байдаг юм. Гэхдээ би ингэж эргэцүүлэх дуртай. Хэзээ нэгэн цагт иймэрхүү асуултууддаа хариу олж авдаг болохоор тэр. Хүн бодож сэтгэхгүй л бол сармагчингаас өөрцгүй гэдэг байх аа..

Энэ удаад амьдралаа тэгшитгэх гээд үзээд алдмаар байнаа. Өөр нэг хүний тэгш байсан амьдрал илүүмурийж ирэх байсан ч хамаагүй. Тэр хүний тэгш амьдралын төлөө би 4 жил хүслээ тэвчиж ирсэн шүү дээ. Ядаж нэг жилийн чөлөө хүсэх эрх надад байгаа гэж бодох юм. Ингээд бодохоор билгийн нүдтэй нүдгүй бодит байдал намайг зоригтой алхам хий гэж хэлээд байх шиг. Байгаадаа сэтгэл хангалуун байхыг 4 жил хичээсэн, одоо нэгэнт байхгүй байгаа зүйл маань л надад хамгийн их хэрэгтэй зүйл маань гэдэг нь тодорхой болсон байна. Тусдаа гарч амьдарсанаар олон ачаа нуруун дээр маань ирнэ, олон асуудлууд шинээр гарч ирнэ, тэдгээр нь миний олж байгаа жаргалыг маань дэнсэлж тэнцүүлж чадах ч юм шиг санагдаад л байгаа юм. Эсвэл бурхан тэрнээс илүү их төлбөр надаас хүсээд байгаан болуу? Эсвэл илүү их хичээл чармайлт хүсэж байж мэднэ. Хичээл зүтгэлийн үр дүнд л аз жаргал, амжилт, сайн сайхан ирдэг л дээ угаасаа. Яаж, юун дээр хичээх хэрэгтэйгээ бодъё!!! Хэний төлөө хичээх хэрэгтэйгээ ч бодъё. Зөвхөн надад бус, бусдад ч сайхан байх тэр л замыг эрж олъё! "Чи жаргаж би зовсон, одоо би жаргая, чи зов" гэж хэлснээс "Хоёулаа жаргая" гэж хэлвэл зөвшөөрөхөд хамаагүй амар байна шүү дээ. Яагаад урьд нь ингэж бодож байгаагүй юм бол? Бодсон ч гэсэн биелүүлж чадна гэдэгтээ итгэлгүй байсан байх. Харин одоо бол итгэж байна. 4 жилд олж авсан ухаарал маань хангалттай хүрэлцэнэ гэж бодож байна.

Амжилт, жирмээ бүсгүй минь! "Хувь заяа миний өөрийн гарт бий"(18-хан настайдаа ингэж бичээд япон явж байсан хүн шүү дээ би чинь!!!)...

No comments:

Post a Comment