Tuesday, October 28, 2014

БИ гэж хэн бэ? ~эргэцүүлэл~

БИ гэж хэн бэ? Би бол ийм царай зүстэй, ийм зан чанаруудтай, ийм үзэл бодолтой хүн.
Гэтэл би зарим зан чанаруудаа жишээ нь өөрчилчихвөл өөр хүн болчих уу? "Хүн өөрийгөө олсон цагт өөр юуг ч гээдэггүй" гэсэн үг байдаг. Тэгээд бодохоор би өөрийгөө олно гэдэг нь юу гэсэн үг вэ? БИ гэдэг нь миний яг аль шинж, чанаруудын нэгдлийг хэлж байна вэ?

"Хүн төрөлхтөн хорвоо ертөнцийн бүхий л нууцыг тайлж чадах хирнээ ганцхан өөрийгөө л ойлгодоггүй. Тийм болохоор өөрийгөө ойлгохын төлөө, өөрийгөө олохын төлөө яв, амьдар. Өөрийгөө олох гэдгийг тодорхойлж хэлэхэд өөртөө илүү байгаагаа хасаж, дутуу байгаагаа нөхөх юм." гэсэн үгс оллоо. Тэгэхээр "Амьдралын утга учир нь өөрийгөө ОЛОХ бус өөрийгөө БИЙ БОЛГОХ явдал юм" (Life is not about FINDING yourself, life is about CREATING yourself - Bernard Shaw) гэсэн үг үнэн байх нь уу? 

Яаж ч бодсон хүн өөрийгөө хөгжүүлж, сайн тал руу нь өөрчилж байх хэрэгтэй. Тэгэхээр БИ гэдэг хүнийг улам төгөлдөржүүлж, БҮТЭЭЖ байх шаардлагатай байх нь. Гэхдээ хувь хүний ҮНЭЛЭМЖ (VALUES) гэдэг зүйлээ л хадгалж үлдэх хэрэгтэй. Тэгэхээр хүн бол тэр хүний ҮНЭЛЭМЖ байх нь ээ?

Sunday, October 26, 2014

Гомдол

Хүн гомдоох муухай
Хүнд гомдох бүүр ч муухай...

"Хүнд гомдоно гэдэг чинь эцсийн эцэст өөрийгөө л зовоож байна гэсэн үг. Хүнд гомдох огт хэрэггүй."

Энэ үгийг олонтаа сонсож байсан хирнээ л заримдаа гомдол төрөх юмаа.  Хүнд ямар ч хэрэггүй сэтгэл хөдлөл байдаггүй юм шигээ. Айдас, сэтгэл зовнил, эргэлзээ, гомдол аль аль нь заримдаа хэрэг болдог. Харин хэрэггүй үед нь бол хүн өөрөө удирдаж, дотроосоо хөөж гаргах ёстой байх.

Хүн дотны хүндээ л гомддог гэдэг. Хайртай дотно хүнийхээ ширүүн харц, хатуу үгэнд гомдох нь гомдоогчийн биш гомдогчийн буруу гэж үү? Би тэгж бодохгүй байна.

Мэдээж гомдоосон хүнийхээ байранд өөрийгөө тавьж үзэх, тэр хүнээ сайн ойлгохыг хичээх хэрэгтэй байх. Тэгээд ч нэмэргүй байвал яах ёстой бол? Гомдлоо бодоод шаналаад суулгүй өөр зүйлд анхаарлаа хандуулах л зөв арга бололтой. Үнэхээр нөгөө хүний буруу бол уучлал гуйхыг нь хүлээх хэрэгтэй, ор тас бүхнийг мартаад, тэр хүнийг өөгшүүлээд өнгөрч болохгүй дэг ээ. Харин тэр болтол өөр зүйлд, илүү өөдрөг, гэгээлэг, бүтээлч зүйлд анхаарлаа хандуулж байх хэрэгтэй юм шиг санагдлаа. Аливаа сөрөг сэтгэл хөдлөлийг өөртөө хадгалаад л байх тусам улам өсөөд, хүндрээд байдаг юм билээ. Тиймээс сэтгэлд хэн нэгэн хүнд ачаа ачлаа гэхэд тэрийг тээж явах эсэх нь эзэн хүний л мэдэх хэрэг юм байна даа.

Өөрийнхөө дотроос асуултын хариултаа олоход тусалдаг блогтоо баярлалаа!