Saturday, March 22, 2014

Сэтгэлээ чагнахуй-2

Сэтгэл өөрөө бас нэг эрхтэн гэдэг. Үнэхээр сэтгэл өвддөг, шархалдаг, бас эмчлэгддэг.

Миний сэтгэлийн эмчилгээ гэж үзээд байсан Л.Өлзийтөгсийн номын хувьд би эндүүрч байсан бололтой. Хадмуудтайгаа үүссэн зөрчлөө би тэр номын ачаар давж гарсан гэж бодож байсан маань биш байж. Тэр ном үнэхээр сайн ном, залуу хүн бүр уншууштай ном гэж үзсэн хэвээрээ байна. Харин миний асуудлыг шийдэгч нь миний найз байсныг би сая ухаарлаа. Хар багын, дотны найздаа долоон булчирхайгаа тоочиж нэг оройжин хөгжилдөж суусан юм. Тэр орой л миний хамаг гомдол цөхрөл, уур хилэн арилж ухаарал, шийдэл толгойд минь харван орсон болохыг анзаарлаа.

Хүний анд нөхөр хичнээн агуу, хичнээн үнэтэй вэ!

Нэг асуудал замхартал дараагийнх нь босоод ирдэг ямархан ч хорвоо юм бэ дээ. Тэр нь бас л өчүүхэн жаахан хумхын тоос шиг зүйл, гэхдээ л миний хэдэн ч алтан өдрийг бүүдийлгэж чадсан юм даа. Шалтгаан нь юу байсан гээч? Уйдах. Надад гэр бүл, ажил төрөл, хангалттай эд хөрөнгө, эрүүл мэнд байна, гэтэл бас уйдмааргүй байна гэнээ. Хүн яг яавал бүрэн аз жаргалтай байдаг юс бол оо? Үргэлж аз жаргалтай байх угаасаа боломжгүй. Гэхдээ л уйтгар гуниг, зовлон шаналгаа үнэхээр хэцүү юм аа. тэрийг мэдрэхгүй байхыг хичээх хэрэгтэй юу, эсвэл мэдэрсэн чигтээ өнгөрч арилахыг нь хүлээх учиртай юу?  Энэ бичлэгээ асуултаар дуусгаж орхиоп дараа үргэлжлүүлье. Хэт орой болсон байна, жаахан унтаад авъя.

Сэтгэлээ чагнахуй - Л.Өлзийтөгс

 Саяхнаас Л.Өлзийтөгс-ийн "Үзэхийн хязгаар" гэдэг номыг уншиж байгаа юм. Сүүлийн үед нэлээд алдаршаад байгаа энэ зохиолч бүсгүйн үзэл бодол, амьдралд хандах хандлага надад олон мартсан зүйлийг маань сануулж, бас олон зүйлийг шинээр ухааруулж байна. Хамгийн гол нь болох амьдралаа "томоор" харах ухаан миний дотоод ертөнцөд томоохон өөрчлөлт авчирч байх шиг.

Өөрөөр хэлбэл, биднийг зовоож байгаа ихэнх хүнд хэцүү, шаналгаатай асуудлуудыг "томоор харвал" яг үнэндээ өчүүхэн зүйлс байдаг. Илүү өргөн хүрээнд харах хэрэгтэй гэсэн үг, гэхдээ мэдээж гэнэт харъя гээд харчихаж бас болдоггүй л дээ. "Томоор харж эхлэх" буюу харах өнцгөө өөрчлөхийн тулд ямар нэг онцгой үйл явдал, хэн нэгний цагаа олсон үг, үйлдэл гэх мэт зүйлс тус болдог бололтой юм. Миний хувьд тэр нь энэхүү ном байлаа.

Номын талаар биш өөрт төрсөн сэтгэгдэл, бий болсон өөрчлөлтүүдээ бичье гэж бодож байна.

Сүүлийн үед цорын ганц гэж хэлж болох сэтгэлийн шаналгаа маань энэ номыг уншсаны дараа тайлагдлаа. Юу гэхлээр, би урьд бичсэнчлэн хадмуудтайгаа амьдардаг. Хадмууд маань нас дээр гарсан жирийн л хөгшид. Би бас сайн, мууг хослуулсан жирийн л нэг эмэгтэй/бэр. Хэргийн гол нь хадам, бэрүүд нэг гэрт байхаар үүсдэг ахуйн жижиг зөрчлүүдээс болж бидний харьцаа нэлээн муудсан байсанаас ялих ялихгүй зүйлд нэг нэгэндээ уурлаж, гомдож, хорсдог, нэгнээ байнга муулдаг болчихсон байлаа. Байдал нэлээн хурцдаж, миний тэвчээр хязгаартаа хүрсэн мэт санагдаж байлаа. Гэтэл ухаалаг зохиолч бүсгүйн ачаар хүсвэл би энэ байдлыг өөрөөр харж болно гэдгээ ухаарч, өөрөөр харах хүч чадлыг олж авсан юм. Хадмууд маань маш муу хүмүүс болоод намайг зовоогоод байсан юм биш, би их муу хүн болоод хадмууддаа адлагдаад байсангүй. Бид өөр хүмүүс тул яах ч аргагүй ялгаа байсан, харин бидний харьцаа хүйтэн хөндий болсон байсан тул тэр ялгаагаа харилцан хүндэлж, хүлээн зөвшөөрдөггүй байсан. Тэр хүйтэн хөндий байдал олон сар жилийн явцад бий болсон байсан, харин тэр байдлыг зөөллөх хэрэгтэй гэсэн ухаарал миний дотор үүссэн нь энэ номын л ач. Надад тийм ухаарал төрснийг би өөрөө бүрэн ойлгож ч амжаагүй байхдаа хадмууддаа бэлэг барьж, харьцаагаа засах алхмыг тэр дор нь хийж, үр дүнгээр нь шагнуулсан юм даа. Нуруун дээрх том хар чулуу авагдсан шиг санагдана.


Инээд

Шөнө болтол кино үзээд нойр хулжчихлаа. Тэхээр бодсон зүйлсээ бичихээс дээр ажил алга даа.

Хоёр кино үзсэний сүүлийнх нь инээдмийн кино байлаа. Женифер Анистоны тоглосон "Миллерийнхэн" гэдэг кино. Надад ер нь инээдмийн кино л хамгийн тохирох юм байнаа. Өөдрөг байдлаа байнга хадгалж байхад минь  тустай. Ялангуяа зарим нэг шалтгааны улмаас сэтгэл таагүй байгаа ийм үед эхэлж үзсэн Gravity(Sandra Bullock) шиг кино үзэлтгүй юм байна. Олон Оскар авсан болохоор нь л сонирхоод үзчихлээ. Яахав үзүүштэй л кино байна.

За үндсэн сэдэвтээ оръё. Би угийн их нухацтай(серьёзный) хүн болоод тэр үү, хошин шогийн мэдрэмж муутай, манай гэр бүл ер нь нэг тиймэрхүү. Гэхдээ хүн өөрөө хичээвэл шогийн мэдрэмжээ дээшлүүлж болдог шиг байгаам. Тиймээс тэр талаар уншиж судлаад, янз бүрийн аргууд ч туршиж байлаа. Одоо ч заримдаа хошин байя гэж хичээдэг. Ер нь хошин наргианч зантай хүнд хүн бүр дуртай байдаг, ажил нь бүтэмжтэй, өөрт нь ч амар байдаг гэж би боддог. Хэцүү байдалд орохоороо хошин талаас нь харахаар хөнгөрөөд л ирдэг шдэ. Тэгээд би сая өөрт тохиолдсон хөгтэй явдлуудаа санаж, facebook-н "Бидэнд тохиолдсон хөгтэй явдлууд" группт бичье гэж бодоод дурсамжуудаа онгичив оо. Гэтэл тоймтой юм орж ирдэггүй. Хэт орой болоод толгой ажиллахгүй байж болох, эсвэл надад үнэхээр хүнийг татаалгаад байх хөгтэй явдал тийм цөөн тохиолдсон юм болов уу? Тэгээд нэг ийм дүгнэлт хийлээ. Би хөгжилтэй түүх санахгүй байгаа нь дараах шалтгаануудтай байж болно:

1. Би их даруухан охин байсан тул надад хөгтэй явдал бараг тохиолдоггүй байсан.
2. Би хэт нухацтай хүн учраас ямар ч зүйлийг нухацтай талаас нь хараад хөгжилтэй талыг нь харалгүй өнгөрөөдөг байсан
3. Эсвэл бүр мартсан байж болох. Уг нь хуучин хөгтэй явдлуудаа ч марталгүй, шинийг ч "бүртгэж авч", ХОШИН ШОГИЙН ХАВТАС-андаа цуглуулж байх хэрэгтэй байх.

Ямар ч байсан хүн ямар нөхцөл байдалд, ямар сэтгэл санаатай байгаа нь шогийн мэдрэмжид их нөлөөлдөг юм билээ. Нэг удаа гадаадад хэсэг байж байгаад харих замдаа онгоцонд "Just for laughs" гээд хүмүүсээр тоглоом хийдэг нэвтрүүлгийг үзээд нулимсаа гартал, хүмүүсийг гайхаад эргэж хартал инээж билээ. Дараа нь гэртээ үзсэн чинь тийм ч инээдтэй санагдахаа больсон байсан.

Сэдвээсээ халиад нэг юм бичихэд Ж.Анистон, С.Буллок хоёулаа миний хайртай жүжигчид. Гол нь тэдний алиа хошин зан нь надад их таалагддаг. Бас мэдээж үзэсгэлэнтэй, чадварлаг жүжигчид.

Инээд сэтгэл сэргээж, эрүүлжүүлж, залуужуулдаг гэдэг. Би гэтэл амьдралдаа тохиолдсон хамгийн хошин явдлаа одоо болтол санадаггүй, мөн хачин аа. Хүн бүрт хошин шогийн мэдрэмж их бага хэмжээгээр байдаг, тэрийгээ илрүүлж, тордож байх хэрэгтэй гэх юм билээ. Би олон хүмүүсийн, тэр тусмаа танихгүй хүмүүсийн дунд хээв нэг алиалаад, хүмүүсийг инээлгэчихээд яваад өгдөг болохсон гэж боддиймаа.

Амьдрал богино ч гэсэн амжуулж инээж, баярлаж, хайрлаж, мэдэрч, үзэж, сонсож, амталж авах цаг хангалттай байгаа шүү дээ. Энэ ухаарлаа харин мартахгүй байхсан. Мартвал энд бичсэнээ уншаад сэргээж байхаа мартахгүй юмсан!

Wednesday, March 12, 2014

Цоо шинэ "БИ"

Нэрнээсээ аваад өөдрөг зүйл бичих гэж байгаа нь харагдаж байгаа биз? Тиймээ, алийн болгон гутранги байхав, хааяа өөдрөг сэтгэгдлээ бас бичиж байхаар шийдлээ. Хүний амьдралд сайн муу ээлжилдэг жамаар миний амьдралын нэгэн сэргэлт, сэхээрэл, ухааралын үе эхэлсэн шиг байна.

Саяхан л боож үхэх шахаж, "нервтээд" байсан би гэдэг хүн "сэтгэлийн амар амгалангийн өрөө"-ний үүдийг нээгээд ороод явчихлаа. Бухимдлынхаа шалтгааныг мэдэж байсан ч, яаж тайлах ухаанаа олохгүй явж байгаад гэнэт нэг өдөр тэнгэр цэлмэх шиг, бурханы шийтгэл дууссан мэт нэг л өдөр гэгээн ухаарал толгойд маань харван орж ирлээ. Сайн найзын буянд, мэдээллийн эрин зууны ачаар яг надад хэрэгтэй байсан мэдээлэл, ухааралаа олж авлаа. Хүн өөрийнхөө учрыг л олсон байхад бусад бүх зүйлийн учир аяндаа л олддог юм байна, ямар ч байсан миний хувьд тийм байна. Би өөрийнхөө учрыг олоод, өөртэйгөө эвлэрэнгүүт бусдыг ойлгох, бусадтай зөв харьцах, бусдад туслах зэрэг чадвар нэмэгдэж, ажлын бүтээмж дээшилж, шинийг сурах, хийж бүтээх эрмэлзэлээр дүүрээд ирдэг юм байна. Нэг талаас цоо шинэ БИ гэдэг хүн бий болсон ч юм шиг, нөгөө талаас миний дотор байсан хүч, чадвар сэтгэлзүйн дарамтандаа боогдож байгаад одоо ил гарч байна уу гэлтэй.

"Нэгэнт өөрийгөө олсон хүн ахин юуг ч гээдэггүй" гэсэн онч үг байдаг билээ. Тэрний дагуу би өөрийгөө олоон жилийн өмнө олсон гэж бодож байсан атлаа сүүлийн үед хааяахан алдчих гээд байх болсон, харин энэ удаад дахин алдахгүйн тулд өөрөөсөө чангахан шиг зуураад авахаа мэдье ээ байз!

Богинохон энэ амьдралдаа өөрийгөө дахин гээгээд байлгүй, хийж чадах бүх зүйлээ хийж амжуулаад буцахад л болно буй заа.

Thursday, February 27, 2014

Өөдрөг занг худалдаж авахсан

Бухимдал(depression)... стресс... мэдрэлийн ядаргаа...?

Аль нэг нь яах аргагүй надтай найзлахаар шийджээ. Болдогсон бол өөдрөг сэтгэл, тайвшралыг худалдаад авчих юмсан. Сэтгэлээ сэргээх гэж янз бүрээр л үзэж байна, гэсэн ч цаанаа л нэг гуниг сэтгэлд хургачихаад гарч өгөхгүй юм. Хүнтэй харьцахаас аль болох зугтаад, ганцаараа дуртай зүйлээ л хийгээд баймаар, ажлаа хиймээргүй санагдаад, өчүүхэн зүйлд л уурлаж бухимдаад байх боллоо. 

Бухимдал буюу depression гэдэг зүйлтэй бол би танил л даа. Олоон жилийн өмнө тэр нөхөртэй нэлээд гүнзгий нөхөрлөөд, арай хийж өөрийгөө татаж авсан юм даг. Тэр үетэй харьцуулахад байдал арай хөнгөн байгаа хэдий ч зарим нэг шинж тэмдгүүд нь адилхан байгаа нь жаахан айдас төрүүлээд л байна шүү. 

Стресс бол байж болох юм аа. Бага насны хүүхэдтэй, ажил хийдэг, дунд насны эмэгтэй хүнд стресс цуглах бол байх л асуудал. Тэрийгээ яажшуухан хөөж явуулах вэ гэдэг л чухал. Эсвэл шөнө болгон оройтож унтаад (шөнө 6 цаг орчим унтдаг бол ) мэдрэлийн ядаргаанд орно гэж байх уу? 

Бүүр эсвэл нэг гаргалгаа байнаа, тэр нь их инээдэмтэй. Саявтархан нэг зүйл олж мэдлээ, дэлхийн алдартай, баян, нэр хүндтэй хүмүүс нууц бүлгэм маягийн зүйлд элссэн байдаг, тэр нь цаанаа шашны, тэр дундаа ад зэтгэртэй холбоотой зан үйл хийж, хар хүчийг ашиглан гишүүдээ нэр алдарт хүргэдэг юм байх. Бидний мэдэх ихэнх "од"-ууд тэр бүлгэмд элсэж, хар хүчийг ашиглан алдаршсан байдаг гэнээ. Тэр талаар уншиж судалснаас хойш л ийм сонин гутранги, ноомой байдал эхэлсэн юм. Миний сэтгэл зүй тийм эмзэг байгаад тэр мэдээлэл тэгтлээ нөлөөлсөн юм болов уу? Ер нь сөрөг муу мэдлэг мэдээлэл хүнд сайн энерги өгдөггүй л байх л даа. 

Найз нартайгаа сайхан инээж ханиагаад..... хөдөө гадаа зугаалаад сэтгэлээ сэргээчихвэл ч...... болчихмоор ч юм шиг. 
(Ер нь дотроо байгаа бодлуудаа ингэж гаргах бас их хэрэгтэй арга шиг байнаа. Блогоо идэвхтэйгээр бичиж байя даа.)

Өөдрөг занг худалдаж авч болохгүй ч,  миний дотор үнэгүй байж л байгаа шүү дээ... Өөрийгөө эмчлэх аянаа үргэлжлүүлье дээ...





Monday, February 24, 2014

Аз жаргалын тухай


Хүн аз жаргалтай байх эсэх нь зөвхөн өөрөөс нь шалтгаалдаг...
 
 Аз жаргалтай байх нь ухаантай байхын нэр юм...


Хэдий мэддэг ч амархан мартдаг үгс энэ дээ. Хүн өөрийгөө ямар их азтай, аз жаргалтай хүн болохоо байнга өөртөө сануулж байх хэрэгтэй юм даг аа. Тэгэхгүй бол өөрт байгаа цорын ганц асуудлаа бодон шаналсаар, зөвхөн тэр шалтгаан дээрээ бүх оюун ухаанаа төвлөрүүлсэнээр томоор сэтгэхээ байж өөрт байгаа бусад давуу талуудаа бүгдийг нь үл тоомсорлон орхидог юм байна.

Аз жаргалтай байхын тулд дараах 10 зүйлийг хэрэгжүүлж байвал бие болон сэтгэл санааны хувьд урт хугацааны аз жаргалыг мэдэрдэг гэнэ. 

1. Тогтмол дасгал хийх - дасгал хийхэд аз жаргалын гормон болох эндорфин ялгардаг 
2. Хангалттай унтаж байх - унтаж амарсан үед сөрөг бодолд автах нь багасдаг
3. Ажилдаа ойрхон гэртэй болох - тээвэрт хугацаа хэмнэх нь том байртай болохоос илүү чухал
4. Гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх - хүмүүсийн насны эцэст хийгээгүйдээ харамсдаг 5 зүйлийн нэг гэнэ
5. Гадаа гарах - 13,9 градуст хүн хамгийн их сэтгэл сэргэдэг
6. Бусдад туслах - долоо хоногт 100 цаг зарцуулахад тохиромжтой 
7. Инээмсэглэх - инээмсэглэл өвчин намдаадаг 
8. Аялал төлөвлөх - зүгээр төлөвлөх нь жинхэнэ аяллаасаа дутахааргүй таашаал мэдрүүлдэг 
9. Бясалгал хийх- бясалгал хийснээр тархины бүтцэд өөрчлөлт ордог
10. Бүх зүйлд талархалтай хандах - аз жаргал, амьдралын сэтгэл ханамж нэмэгдэнэ
 
  Энэ нь гадаадын нэг блог дээрээс авсан жагсаалт юм, шинжлэх ухааны үндэстэйгээр тайлбарласан байсан нь их таалагдсан. Дараа бүрэн эхээр нь орчуулж оруулнаа. Харин энэ удаад 10 дахь зөвлөгөөний дагуу талархаж явдаг зүйлсээ бичихээр шийдлээ.

- Эрүүл, эрхтэн бүтэн, ухаан саруул төрсөндөө баярлаж явдаг
- Хүнээс дутахгүй царай зүс, бие хаатай төрсөндөө баярладаг
- Хангалттай цалин хөлс өгдөг ажилтайдаа баярладаг
- Сайн нөхөр, сайхан үртэйдээ, гэр бүлийнхэн, аав ээжүүд маань эрүүл, элэг бүтэн байгаад баярладаг
- Зовсон, төөрөлдсөн үедээ ярих үе тэнгийн, үй зайгүй эгч, дүүтэйдээ баярладаг
- Төрснөөс өөрцгүй дотно хоёр найзтайдаа баярладаг
- Боломжийн хэмжээнд сэтгэчихдэг тархи, оюун ухаантайдаа баярладаг
- Юу хүссэнээ хийх боломж, нөхцөл, орчин байгаад талархдаг(гар, хөл, нүд, чих, мэдрэмжүүд, эд хөрөнгө, эд хөрөнгийг бий болгох чадвар, чадвараа хөгжүүлэх боломж байгаад баярладаг)
- Бусдын эрхшээлд биш, өөрийн тааваар амьдардаг эх оронд төрсөндөө баярладаг
- Хаана амьдрах, яаж амьдрах, юу хэрэглэхээ сонгох эрхтэй байгаадаа баярладаг

 Ингээд бодохлээр би гэдэг хүн дэлхий дээрх ихэнх хүнээс илүү аз жаргалтай хүн болж таарч байгаа юм даа. Аз жаргал холын холд биш дэргэд чинь байдаг гэдэг энэ дээ. Аз жаргалтай хүн бусдад бас аз жаргалыг түгээж байдаг. Тиймээс бид зөвхөн өөрийн төлөө бус, хайртай хүмүүсийнхээ төлөө "аз жаргалын булчингаа хөгжүүлэх" хэрэгтэй юм байна даа. 

Амьдралыг чи алтаар үнэлбэл
Амьдрал, чамайг алтаар мялаана
Эс тоож, сохор зоос шиг хандвал
Эргээд, амьдрал чамайг бас
Элсний ширхэг гэж үзээд үлээчихнэ...гэдэг дээ

Tuesday, January 7, 2014

Хүний мөс чанар

Саяхан нэг найз маань явган хүний гарцаар зам гарч явсан хүнийг машинаараа мөргөөд хөлийг нь гэмтээсэн явдал боллоо. Тэр явдалд миний болон бусад хүмүүсийн үзүүлсэн хариу үйлдэл(реакц) надад нэгийг бодогдууллаа.

Юу гэхлээр би мэдээж эхлээд сандарч, санаа зовнисон боловч яг дайруулсан хүнд санаа зовсон уу, эсвэл найздаа санаа зовсон уу гэдгээ хэлж мэдэхгүй байна. Онцгой хүнд бэртээгүй, яс нь хугараагүй гэсэн мэдээ сонссоны дараа олон бодлууд толгойд орж ирж байсны дунд энэ хүн хэр их мөнгө нэхэх бол, худлаа ярьж баахан эмчилгээний болон сэтгэл санааны нөхөн төлбөр шаардах вий гэсэн хардлага төрж байлаа. Нөхөр маань бас надтай адил зүйл бодож байгаагаа хэлсэн юм. Гэтэл тэр мэдээг сонссон миний аав, ээжүүд бүгд дайруулсан хүнд санаа зовж яаж эмчилгээ, тусламж үзүүлэх талаар л ярьж байсан нь намайг өнөөгийн залуу хүмүүсийн мөс чанар муудсан юмуу гэсэн бодолд хүргэлээ. Нас явах тусам хүн уян зөөлөн болдог гэж ярьдаг, бас өнөөгийн нийгэмд хүмүүсээс элдэв муу санаа их гарах болсон тул өөрийн эрхгүй сөрөг хандлага, хардалт төрж байж мэдэх юм гэж бас өөрийгөө зөвтгөж болох ч юм шиг...

Тэгэхээр хүний мөсийг муутгаж байгаа нийгэм буруутай юу, эсвэл нийгмийг бүрдүүлж байгаа хүн бид өөрсдөө сэтгэлээ ариун байлгах тал дээр анхаарах хэрэгтэй юу?